Нийтлэл

Хотын сүмийн сэтгэлгээ ба хэв маяг


ХААНЧЛАЛЫН УДИРДАГЧДЫН СЭТГЭЛГЭЭ ба ХЭВ МАЯГ

Хотын сүмийн итгэгчид нь дэлхийн хэмжээний удирдагчийн сэтгэлгээтэй байх ёстой. Эцсийн цагт төрөн гарч ирсэн удирдагчийг Бурхан багийн ялгуусан, нэгдмэл ажиллагаа руу татан оруулж байна. Тиймээс сүмийн нэгээхэн хэсэг болсон итгэгчдийн оюун, сэтгэлгээ нь Бурханы хаанчлалын үндсэн, зүйрлэшгүй, чухал үнэ цэнэ бүхий ойлголтууд дээр суурилсан байх хэрэгтэй. Эдгээр үнэ цэнэтэй үнэнүүд дээр баригдсан сэтгэлгээ ба амьдралын хэв маягууд нь хэнд ч, юунд ч, ямар ч системд баригдахгүй, нурж унахгүй, харин ч улам батжин бэхжих орц найрлагатай. Хотын сүмийн удирдагчид, тэднийг дагаж байгаа итгэгчид, сэтгэлгээний энэ түвшинд гарч ирснээр ялгуусан байр сууриа эзэлж, тэндээс харанхуйн хүчийг даван дийлж, засаглах юм.

Туйлын дээд үнэ цэнэтэй үнэн гэж байна. Энэ үнэн нь Бурханаар тогтоогдсон бөгөөд маргашгүй баталгааг нь хэн ч Түүнээс нэхэж шаардах боломжгүй. Энэ л үнэнүүд буюу үнэ цэнэ дээр бидний сэтгэлгээ, оюун бодлын хэв маяг баригдана. Зүрх сэтгэлдээ итгэж, нандигнаж, эдгээрийн дагуу бодогтун!

 

СЭТГЭЛГЭЭ №1

Бурхан бол туйлын Дээд Эрх Мэдэлт Нэгэн мөн – 1Коринт 10:13

Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хvчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.

Бурханы мутар бүхний дээр оршдог төдийгүй, хаадын зүрхийг ч Тэрээр гартаа атгасан байна. Зөвхөн атгаад сууж байдаггүй, хүссэн цагтаа зүг чигийг өөрчилдөг. Сүм чуулган, хувь хүн, улс орон, гэр бүл, бүхий л талбар хийгээд бүхий л цаг үед бүх зүйл Түүний хязгааргүй, төгс, харьцуулшгүй давуу, туйлын Дээд Эрх мэдлийн эршээл дор оршино. Ирэх он жилүүдэд Түүний энэхүү Үнэн дээр орон гэрээ барьсан мэргэн хүн хамгийн хүчтэй салхи шуурга, гамшигт ч гарз хохирол үл үзэх бөгөөд ингэж итгэдэг сүм чуулганыг тамын хаалга дийлэхгүй.

 

СЭТГЭЛГЭЭ №2

Шинэ бүтээлийн бодит байдал – 2Коринт 5:16-17

Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгvй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй. Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бvтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.

Бидний хэн байсан хийгээд хэн байгаа, хэн болох, удирдан дагуулж яваа хайрт хүмүүс маань хэн байх нь зөвхөн шинэ бүтээлийн үнэнээр л тодорхойлогдоно. Хүнийг бүтээдэг Бурхан Эцэг биднийг шинэ мөн чанартай болгон дахин төрүүлсэн мөчөөс эхлэн Христ дотор хэн боловч хөгжиж, өсөж, бойжиж, хүчирхэгжих болно. Бид өөрсдийгөө төдийгүй, өөрсдөөсөө сул  дорой нэгнийг ч энэ л гэрэл дотор харж, хамгийн Дээд Нэгэний хөвгүүд болж гарч ирнэ гэдэгт итгэж, үүний дагуу бодох ёстой.

 

СЭТГЭЛГЭЭ №3

Загалмайн ажилд итгэ – Колосай 2:13-15

Та нар гэм нүглүүд болон махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад Тэр бидний бүх гэм нүглийг уучлаад, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг хүчингүй болгов. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ. Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.

Загалмайн ажил бидэнд үлгэр домог, гунигт үйл явдал бүү байг. Харин хүн нэг бүр загалмай дээр хийгдсэн ажиллагааг харах илчлэлттэй байх болтугай. Энэ ажил амжилттай хийгдэхэд үр дүнд нь бид Түүний хүүхэд байх эрхтэй болсон, миний дотор байгч нь энэ дэлхийд байгчаас агуу гэдэгт итгэсэн. Миний бүх гэм нүгэл өршөөгдөөд зогсохгүй, Христийн цусаар угаагдсан. Бүх гэм нүгэл, ямар том харгис хэрцгий гутамшигтай байснаас, байхаас үл хамааран цэвэр зүрхээр Эцэг рүү ойртоход Хүүгийн цус бүгдийг угаадаг. Энэ бол туйлын үнэн. Чи үүнийг батлах хэрэггүй, харин итгэ, тэгээд амьдар. Тэгвэл энэ үнэн хүч чадлаа чамд харуулах болно. Бурханы Үнэнүүдийг бид батлаад, гаргаж ирэн харуулж үл чадах ч, амьдарч эхлэхэд бидний амьдралаас үнэний хүч тасралтгүй илэрхийлэгдэх болно. Загалмай дээр хийгдсэн агуу солилцоонд итгэ. Амь ба үхэл, хараал ба ерөөл, өвчин зовлон ба эдгэрэл, баяр хөөр, шаналал ба магтаал, боолчлол ба эрх чөлөө, гэмт хүний байр суурь ба Хамгийн Дээд Нэгэний хүүхэд энэ бүгдийн дагуу бод. Энэ үнэнийг ганхуулахыг хэнд ч, юунд ч, хэзээ ч бүү зөвшөөр. Энэ бол чиний баялаг.

 

СЭТГЭЛГЭЭ №4

Бурхан чиний бүх хангамжийн эх булаг – Матай 6:25-34

Ийм учраас Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү? Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? Та нараас хэн чинь санаа зовсноороо єєрийнхєє єндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ? Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггvй, утас ч ээрдэггvй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сvр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагvй юм. Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгvй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ? Тиймээс "Бид юу идэх билээ?", "Юу уух билээ?", эсвэл "Юу өмсөх билээ" гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бvхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд Тvvний хаанчлал болон Тvvний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бvрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.

Есүс Христ Өөрөө ингэж сургаж байна. Тэр үүний бодит жишээ мөн. Түүнд бүх зүйлс бий. Бурхан Эцэг Өөрөө бүх хангамжийн эх булаг, ундарга. Харин чи тэндээс хэрхэн уухдаа л анхаар. Юу чамд хэрэгтэйг чи өөрөө ч мэдээгүй байхад тэнгэр дэх Эцэг чинь мэдсэн байдаг. Хүч чадал, номхон дөлгөөн байдал, мэргэн ухаан, боломжууд, эрдэм мэдлэг, эрч хүч, эрүүл саруул байдал, эд баялгийг цуглуулах, мөн хуваарилан тараах чадвар, авъяас билэг эдгээр бүгдийн эх сурвалж, ундрах булаг нь Бурхан Өөрөө мөн. Бидэнд хэрэгтэй сайн хийгээд шилдгийг, тэр байтугай мууг ч тэрээр мэднэ. Иосиф өөрт нь маш чухал сургамж өгсөн хамгийн зөв шорондоо орсон. Шорон хүртэл зөв байх ёстой байх нь. Харин Тэр үүнийг сайн мэднэ. Сүнслэг, төрөлх, материаллаг бүх төрлийн, чамд хэрэгтэй хангамжийг Бурхан Эцэг нээх чадалтай, нээх ч болно. Чи аливаа хэрэгтэй бүхнээр хэзээ ч үл дутна. Энэ үнэний дагуу бод, хар, тунгаа. Бидний Эцэг тэнгэр хийгээд газрын Эзэн. Түүнд бүх зүйлс харъяалагддаг. Түүнийх гэгддэг бүхэн хөвгүүдэд өгөгдөнө. Бидний Эцэг гайхамшгийг бүтээгч. Ингэж харж, найдаж, хүмүүсээс хамааралгүй амьдар. Тэр хангана. Хүмүүст найдвал хохирол амсдаг. Харин Түүнд найдаг ч нь ичгүүрт орохгүй. Чамд дургүй хүмүүсээр дамжуулан хангах ажлаа хийх чадвартай Нэгэн бол Бурхан. Ямар ч сайн зүйлсээр бид дутахгүй юм.

 

СЭТГЭЛГЭЭ №5

Хувь тавилан – Естер 4:13-14

Мордехаи Естерт ингэж хариул гэж тэдэнд хэлэв.

-Хааны ордонд байгаа чи бүх иудейчүүдээс илүүгээр мултарч чадна гэж бүү сана. Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?

Хотын сүмийн итгэгч бүрт хувь тавилан гэж бий. Түүний төлөө бид амьдардаг. Хувь хүний хувь тавиланд хамтын хүч хүргэж өгнө. Ингэж хамтын хувь тавилан биелэлээ олно. Хувь тавилангийн улмаас бид тэвчээрт суралцдаг. Бас зарим зүйлсийг хүлээх хэрэгтэй болдог. Үзэн ядах, дургүйцэхийг биш харин хайрлахыг сонгодог. Олон зүйлсээс татгалзаж, одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдрахын нууцыг мэдэж авдаг. Баяр хөөр, уй гашуу, гутрал, хангалуун байдал, гэр бүл, харилцааны ярвигтай үйл явцууд, энэ бүхний төлөөс, эцсийн зогсоол бол бидний хувь тавилан билээ. Хувь тавилангаа бүү умарт. Хайнга бүү ханд. Хувь тавилангаасаа бүү хазай бас бүү сатаар. Хувь тавилангийнхаа төлөө хөгж, төлбөрөө хий, суралц.

 

СЭТГЭЛГЭЭ №6

Гэрээ – Еврей 10:19-31

Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, Өөрийн махан бие болох хөшгөөр дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, vнэн зүрхээрээ ойртон очицгооё. Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгvй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгvй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.

Хэрэв бид үнэний мэдлэгийг хvлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргvvцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ. Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч хүн хоёр буюу гурван гэрчийн гэрчлэлээр өршөөлгүй үхдэг. Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн vзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? Учир нь "Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө" гээд, дахиж "Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ" гэж айлдсан Түүнийг бид мэднэ. Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.

Бурхан Өөрөө Гэрээний зохиогч бөгөөд биднийг гэрээний хамтрагчид байхаар дууджээ. Түүний ажлууд, сургамж ба сахилгажуулалт нь бүхлээрээ гэрээний утга учрын төлөө хийгдэж байдаг. Бурхан гэрээгээ сахидаг Туйлын итгэмжит Нэгэн билээ. Тэгвэл Гэрээний хамтрагчид болсон бидэнд Гэрээний ухамсар гэж байх ёстой. Ухамсартайгаар би Түүний гэрээнд орж ирсэн, хэн ч намайг албадаагүй, би энэ гэрээг сайн дураараа сахих бөгөөд махан биеийн хийж чадаагүйг Сүнс хийх болно гэдэгт би итгэдэг – энэ бидний сэтгэлгээ. Бидний зориулалт, хамтын хөдөлмөр хийгээд нөхөрлөл бүгд гэрээний үнэ цэнэ дээр тогтсон байна. Бид Гэрээний гадуурх харилцаанд өөрсдийгөө худалдахгүй. Гэрээний ахан дүүс, гэр бүлийн харилцаагаа цэвэр бас ариунаар сахих учиртай. Итгэгчид бид Гэрээний хил хязгаараа сахин хамгаалах болно. Гэрээ бидний амар тайван, аюулгүй амьдралын баталгаа.

 

СЭТГЭЛГЭЭ №7

Сүнслэг ойлголт ба илчлэлтүүд дээр оюун бодлоо төвлөрүүл – Матай 16

Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. Есүс тэдэнд хариуд нь

-Орой болохоор та нар "Тэнгэр улаарч байна. Цэлмэг болох нь" гэдэг. Өглөө нь "Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь" гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа. Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ. Есүс тэдэнд

-Фарисай болон садукайчуудын хөрөнгөнөөс сэрэмжил, болгоомжил гэхэд, тэд өөр хоорондоо

-Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд -Итгэл багатай хүмүүс ээ, та нар чинь юунд хоорондоо талх байхгүйгээ ярилцана вэ? Одоо хүртэл та нар ойлгож ч, санаж ч чадахгүй байгаа юм уу? Таван талхаар таван мянган хүнийг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ? Эсвэл долоон талхыг дөрвөн мянган хүнд өгч, хичнээн том сагс цуглуулснаа ч санахгүй байна уу? Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв. Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай болон садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав. Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа

-Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув. Тэгэхэд нь тэд -Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд, Тэр

-Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд, Симон Петр

-Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь

-Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ. Тэгээд Тэр Өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэх ёсгүйг шавь нартаа анхааруулав. Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв. Петр Түүнийг татаж -Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд, Тэр эргэж Петрт

-Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ. Тэгээд Есүс шавь нартаа

-Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг. Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ? Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг харах хүртэл үхлийг үл амсана гэж айлдав.

Оюун бодол хаана байх ёстой тэндээ оршиж сурах ёстой. Аливаа тэнэмэл бодлуудад олзлогдон байр бүү олго. “Чиний өгч байгаа бодлуудыг бодох зав алга, зайл” гэж диаволд хэлж сур. Петр анхаарлаа сарниулахад л дайсан өөрийн бодлыг өгчихөж байна. Хүчирхэг, авууштай, бясалгахад таатай, тэнгэрлэг бодлуудыг бод. Энэ үйл явц чамайг сүнслэг ойлголт, илчлэтийн зам дээр бат барьж чаддаг. Боддог хүнд ойлголт ирнэ. Боддог хүнд Бурхан юмсыг илчилж харуулна.

 

СЭТГЭЛГЭЭ №8

Бүх зүйлс боломжтой – Марк 10:27

Есүс тэднийг хараад

-Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.

Бодол сэтгэлгээний энэ түвшинд гарах цаг болсон. Бурханд итгэдэг хүнд бүх зүйл боломжтой. Яагаад болохгүй гэж? – өөрийгөө сорь. Энэ түвшинд гарахд бүх зүйл боломжтой гэдгийг чи мэдэрч эхэлнэ. Санаанд багтаж өгөхгүй байсан зүйлс тун энгийн мэт санагдаж, нүдэнд харагдаж, гарт баригдах мэт бодитой болно. Байнгын хөгжил дэвшилтийн үр дүнд урьд нь төсөөлж ч чадахгүй байсан ололт, амжилтууд гар сунгахын зайнд ойртон ирснийг чи анзаарч эхэлнэ. Хаанчлалын тэлэлтэнд төгсгөл үгүй, тэгвэл бүх зүйл боломжтой болсоор байх бөгөөд үүнд ч мөн төгсгөл үгүй.

ХААНЧЛАЛЫН ИТГЭГЧ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

ЗАГВАР №1

Чиний амьдрал хэн ч харсан ойлгомжтой, ил тод байг. Хүсэл, сонирхол, зорилго бүхэн чинь хараад л ойлгогдохуйц, энгийн, амьдрал чинь бүхэлдээ амьд, ярьдаг ном мэт байх учиртай. Тийм хүнийг хүмүүс дагахад амархан, мөн таатай байна. Сэтгэл чинь цэвэр, энгийн, хүн бүрт ойлгомжтой байхад анхаар. Чин сэтгэлийг сахь. Хуурамч хөөрхий, худал нээрээ-гээс хол бай. Чи мөнгөтэй байсан ч, ядуу хоосон болсон ч, өвдөж байсан ч, эрүүл саруул байсан ч, зорилго чинь хэвээрэй, хүсэл бодол, тэмүүлэл, чин сэтгэл чинь хувираагүй байгааг хүмүүс хараг. Ямар ч нөхцөл байдал чи “чи” хэвээрэй байг. Нэг л зорилгын төлөө нөгөө л эрч хүчээрээ урагшилж байгааг хүн бүр мэдэг. Ямар нэгэн дүр үзүүлэхээс болгоомжил. Бурхан биднийг хэдхэн цагийн сэтгэл хөдлөм тоглолт руу дуудаагүй, удаан хугацааны цэвэр амьдрал руу авчирсан билээ. Байгаагаараа өөрийгөө илэрхийлэн харуулахаас бүү ай. Хүмүүс намайг юу гэж бодох бол ч гэж бүү бод. Тэгвэл хүмүүст чамд туслахдаа баяртай байх болно. Өөрчлөгдөшгүй, ил тод, энгийн ойлгомжтой амьдар.

ЗАГВАР №2

Агуу удирдагч болохыг хүсвэл юу нь чухал болохыг мэдэж амьдар. Агуу удирдагч зарцаас эхэлдэг. Бусдад үйлчлэхээс бүх цагийн суутнуудын амьдрал эхэлжээ. Хэн хамгийн чухал болохыг мэд. Юу хамгийн үнэ цэнэтэйл болохыг тань. Хамгийн эхэнд Бурхан, удаах нь гэр бүл, дараа нь эрэхлдэг ажил чинь тэгээд үйлчлэл гэсэн дэс дарааллыг бүү март. Хамгийн чухлаас хамгийн чухал биш хүртлэхээ эрэмбэл. Амьдралд чинь эмх цэгц тогтож амар тайван ноёрхох болно.

ЗАГВАР № 3

Золиос гаргадаг зүрхтэй бай. Ямар ч үнэ цэнийг төлөхөд өөрийгөө бэлэн болгосон амьдралаар амьдар. Зүрх сэтгэл эмтэрнэ, өвдөнө гэдгийг мэд, өөрийгөө бэлд, хатуу хүтүүг туулсан ч төлбөрийн чадвартай бай. Итгэлийг эвдэх хүмүүс байдаг ч уучлалын төлөөсийг төлөх болно гэж шийд. Өгсөн ч эргүүлээд өгөгдөхгүй байх бүрэн боломжтой гэдгийг мэд. Халуун сэтгэл рүү чинь хүйтэн ус цацах хүмүүс байдаг гэдгийг мэдсэн ч өөрийгөө зориулж сур. Амьдрал чинь бүхэлдээ золиосын мөн чанартай байг. Золиослохоос бүү ай. Тийм хүнд ялагчийн байр суурь өгөгддөг. Тэнгэр дэх Эцэг бүх тооцоог хийгээд, төлбөрийг чинь хийх болно. Тэр бол Шударга Нэгэн. Тэрээр бүхнээ зараад та нарыг дагах хүмүүсийг илгээх болно.

ЗАГВАР №5

Ер бусын амьдрал. Итгэлийн түвшин гацах ёсгүй. Тийм л учраас оюун санаан дахь хязгааруудыг нурааж сур. Биелэх боломжгүй, бодохоос ч зүрхшээмээр зүйлсүүд нь боломжтой болох ер бусын итгэлийн амьдралд тавтай морил. Бүгд итгэлээр сүнсэнд өгөгдөж, оюун санаа руу зөв орчуулагдах тэр үеэс чи боломжгүй юмсын үнэрийг, ирж яваа чимээг нь, ойртож тодрох барааг нь мэдэрч эхлэх болно.

ЗАГВАР №6

Бурханы хүмүүсийг хайрла. Бурхан чиний хайрыг хараад таалдаг юм. Сул дорой нэгнүүдийг тэнхрүүлэн, харамгүйгээр туслан, бусдаас, хүмүүсийн хэл амнаас, доромжлолоос хамгаалан харамлаж байгааг Бурхан харахдаа чам руу улам ойртон байдаг. “Та над руу ойртооч” гэсний зоргоор Бурхан хүн рүү ойртдоггүй юм. Түүнийг чам руу татдаг соронз мэт хүчин зүйлүүд байдаг бөгөөд үүнийг тэр бүр хүмүүс анзаардаггүй. Хүмүүсийг нь хамгаал, өмгөөл, өрөвд, хайрла, эрэмлэ, нандигнан хадгал. Хотын сүмийн итгэгч нэг бүрийг хамгаалалтандаа ав. Хамгаалагдсан байхаа тэд хараг. Бурханы өгсөн хүмүүсийг үл тоох аваас өөрийн гараар булшаа ухаж байгаатай адил.

ЗАГВАР №7

Ариун Сүнсийг Удирдагчаа болго. Христийг удирдаж байсан Ариун Сүнс одоо чамайг удирдаг. Чамд зааж, чамайг сурган, хаашаа явахыг чинь чиглүүлэг. Ариун Сүнсний оршихуйн сайн сайханд амьдарч, амарч сур. Амьдрах эрч хүчээ тэндээс уу. Ариун Сүнс чиний дотор, амьдралд чинь ажиллахад тэнгэр газар нэг болж эхэлнэ.

ЗАГВАР №8

Санхүүгийн хязгаарлагдмал байдлууд хийгээд бусад саадуудыг нураа. Чамайг илүү нөлөөтэй амьдарч, үйлчлэхэд саад болж байгаа зүйлс юу вэ? Ичгүүр, биеэ барих чадвар дутуу байх, залхуурал, аливааг хойшлуулах, шийдэмгий бус байдал, хэт хурц байдал гэх мэт олон зүйлс байдаг ч, чи олж хараад эвдэн нураан замаасаа зайлуул. Өөрийгөө чөлөөл. Дараагийн түвшинд гар.

 

Энэхүү сэтгэлгээ, амьдралын хэв маягийг 2015 оны 6-р сард доктор Жонатан Давидын заасан хичээлээс үндэслэн Хотын Сүм чуулганы удирдлагын багт болон итгэгчдэд зориулан гаргав.