Өргөл

Аравны нэгийн тухай


Аравны нэг өргөл гэж юу вэ? Хэнийг аравны нэг өргөлөө, хаана өргөх зэрэг асуулт ба ойлголтыг эс тооцвол итгэгч хүн бүрийн хувьд хамгийн танил сэдэв мөнөөс мөн. Сүмийн амьдралд хэрэгжүүлэхийг хамгийн ихээр хүсдэг зүйл бол аравны нэг өргөл билээ. Дэндүү их сонсож, танимхайрхсанаас болов уу, сүнслэг утга, тэнгэрлэг мөн чанар, зорилгыг нь хаа нэгтээ гээсэн мэт дүр зураг өнөөдөр сүм чуулгануудад харагдах болсон нь нууц биш.

Харин Бурхан өршөөлөөр баян Нэгэн тул бидэнд зөв ойлголт, эрүүл саруул ухааныг өгөх нь дамжиггүй. Учир нь энэ цаг үе бол Шинэ Гэрээний сүм баригдаж буй эгзэгтэй эрин юм. Бурхан хэнийг ч айдас болон дарангуйлалаар хүчирхийлж аравны нэгийг нь авахыг хүсдэггүй. “Аравны нэг” өргөлийг хоёрдмол санаагүйгээр, Бурханыг бүх л амьдралаараа, байгаа бүхнээрээ хүндлэх “алтан боломж” болгон өгсөн билээ. Хуучин Гэрээнд ариун хүмүүс сүмийн тахилчид аравны нэгээ авчирч өг гэж Бурхан Мосегоор дамжуулан тушаасан байдаг. Есүс Христ ирэхдээ Шинэ Гэрээг эхлүүлэхээр ирснээ зарласан. Хуучин Гэрээний үйлчлэх хугацаа загалмай дээр Христийн цус урссанаар дуусгавар болж, Шинэ Гэрээний цаг хэдийн цохилж эхэлсэн.

Цаг хугацааний энэ ойлголт аравны нэгийн тухай тушаалыг ойлгоход, дуулгавартайяа өргөхөд мөн хэнд, хаана аваачиж өгөхийг ойлгоход түлхүүр болж өгнө. Бид илүү давуу, амьд замаар Мөнхийн Бурхан руу зоригтойгоор очих эрхтэй болсон. Бидэнд үйлчилдэг илүү дээр Тахилч, үргэлж амьд байдаг, бидний төлөө зуучлан гуйж байдаг мөхөшгүй Тэр л Тахилчийн барьсан сүмд аравны нэгийг бид авчирдаг юм. (Еврей 7 хар)

Абрахам өвөг маань аравны нэгийг эхлүүлэгч яахын аргагүй мөн. Мосегийн хуулиас ч өмнө шүү. Харин тэрээр хожим ирэх Христийн дүр зураг, сүүдэр нь болох Хамгийн Дээд Бурханы Тахилч, Салемын хаан Мелхизедект байгай бүхнийхээ аравны нэгийг гардуулсан. Абрахамд хэн ч өргө гэж тушаасангүй. Харин тэрээр өмнөө зогсож байгаа нэгэнд өгөх хэрэгтэйгээ мэдсэн бөгөөд эргэлзэлгүйгээр өгсөн юм. Абрахам түүнийг хэн болохыг таньсан л байна.

Өнөөдөр та бид хэн нэгэн тушааж, ятгасан учраас аравны нэгээ өгөх ёсгүй юм. Бид чухам Мөнхийн амьтай, мөхөшгүй Тахилчийг таньсан учраас баяр хөөртэйгөөр Түүнд өргөдөг. Түүний хийх гайхамшиг хийгээд ивээлийнх нь төлөө ч биш, бидэнд хандах өгөөмөр мөн чанарынх нь төлөө ч биш, харин загалмай дээр бүхнийг төгс хийж дуусгасан Есүсийг харсан учраас, дахин амилаад өнөөдөр Бурахн Эцэгийн баруун гарт залран, мөнхөд бидний Ариун Тахилч болсон учраас, Есүсийг хайрладаг хайр, гүн хүндлэлийн улмаас аравны нэгээ өргөн барих учиртай. Амээн.