САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 2
Хоёрдугаар хэсэг
Нэг удаа 25-р ТВ-ээр эцсийн цаг үеийн тухай нэвтрүүлэг гарч байсан. Ер нь эцсийн цагийн тухай хүн төрөлхтний таамаглалаар баяжигдсан кино, нэвтрүүлэг их гардаг. Бүх үндэстэн даяар Сайн мэдээг ярьж дуусаад л Есүс дахин ирэхээр бидэнд зааж, ойлгуулж байлаа. Ингэхдээ Есүс Бурханы Хүү, Түүнд итгэвэл тамаас аврагдана гээд яриад явах юм байна л гэж бодсон. Гэтэл тийм биш байж. Хаанчлалын бүтэн мэдээ тунхаглагдах ёстой болохоос яригдах биш. Энд тунхаглагдах гэж онцлох нь зүйтэй. Библиэс Сайн мэдээг тунхаглаж байсан элч нарыг харахад мөн яагаад гайхамшиг болоод тэмдгүүдийг үйлдэх эрх мэдэл нь тэдэнд өгөгдсөн юм бол? Хариулт нь маш энгийн тэд өөрсдөө Сайн мэдээ болчихсон байж.
Өнөөдөр христчид бид сайн мэдээг ярьдаг. Уг нь сайн мэдээг дагалдах тэмдгүүд нь бидэнд өгөгдчихсөн тэр нь харагдах ёстой байлтай. Би урьд нь яг энэ тал дээр их гайхдаг байлаа. Би Христэд итгэгч, аврагдсан. Марк номыг уншихад “итгэгч бүрт дараах тэмдгүүд дагалдана...” гээд өвчтэй хүн дээр гараа тавихад эдгэнэ гэх зэргээр бичигдсэн. Гэтэл тэмдгүүд нь надаас гарч байгаа юм ер алга.
Тиймээс “итгэгч байх нь” хангалтгүй байх нь. Харин Сайн мэдээгээр тэжээгдэж, амьдрах ёстой байх нь. Ингэж л байж өвчнийг тэр бүү хэл үхлийг ялах эрх мэдэл бидэнд өгөгдөх нь байна. Ядаж байхад бид өөрсдөө Сайн мэдээгээ маш бага мэддэг. Их бодож л “би аймаар хэцүү амьдралтай байлаа, Христэд итгээд аймаар гоё болсон, тайван болсон...” гэдэг. Энэ бүхэн ердөө эхлэл нь юм. Сайн мэдээнд итгэсэн хүмүүсийн дунд ийм зүйл болдог уу, болсон уу гэвэл болдог. Энэ нь ердөө бидний анхаарлыг Бурхан Өөр дээрээ төвлөрүүлэх гэсэн эхний л ажил. Мэдээж амар тайван болсон, эдгэрсэн, нөхөр нь гэртээ ирсэн, архинаас гарсан гэдэг сайхан мэдээ л дээ. Дахиад хэлэхэд энэ чинь сайн мэдээ бүхлээрээ огт биш гэдгийг ойлго.
Сайн мэдээг анхааран харвал 3 хэсэгт хөгжлийнх нь түвшинд тодорхойлж болох юм.
Эхнийх нь “Авралын сайн” мэдээ.
Сайн мэдээг хүлээн аваад бид уучлагдсанаа мэддэг бас аврагддаг, Бурханы хайрыг мэдэрч эхэлдэг. Миний төлөө гэх Бурхан байдаг гэдгийг таньдаг. Гэм нүглүүд уучлагддаг. Зөвхөн гэм нүглүүд уучлагддаг гэдэг дээр ярихад бид сайн мэдээг дутуу ойлгодог. Яагаад гэвэл “би Есүст итгээд юу ч хийсэн одоо намайг Бурхан уучилна гэж” андуурдаг. Харин библи бидэнд нэг болзол өгсөн. Чи чин сэтгэлээсээ гэмших юм бол гэж. Харин хүн Есүст итгэчихээд “өө, ямар таатай юм бэ. Болж байна, архи уучихаал, уучлаарай гээл, хулгай хийчихээд л уучлаарай гээл, эсвэл буруу зүйлээсээ болж цагдаад баригдчихаад суллагдвал, баярлалаа Эзэн, ер нь хулгай хийгээл байвал ингээд суллагдаад байх юм биш биз...” гэж зарим нь өөгших хандлагатай болж ирдэг. Иймэрхүү бодлууд өөгшөөд ирэхээр “Бурхан уучилдаг шүү дээ, дандаа уучилдаг” гэж ярьдаг бас заадаг.
Бурхан ердөө тоглоом биш. Та бодоод үз. Цорын ганц Хүүгээ өглөө. Хүү нь энэ дэлхийд 33 жил амьдарлаа. Хүү нь үнэн тарчлаантай үхлээр үхлээ. Тэгээд үхээд алга бололгүй дахин амиллаа. Амилсанаа хүмүүст харууллаа. Үнэхээр “наян” юм боллоо. Ертөнцийн түүхийг он цаг хугацаатай нь хоёр хуваалаа. Энэ бүхэн нь тэгээд “та нар минь одоо эрх чөлөөгөө эдлэ, Хуучин гэрээнд та нар их зовсон, одоо Шинэ гэрээнийх боллоо, та нар юу дуртайгаа хийгээд л бай, тэгээд уучлаарай гэхэд чинь Аав нь /Бурхан/ уучлаад л байя” гэх үү?! Аз болоход тэгэхгүй л дээ.
Энэ бол үнэндээ сайн мэдээ. Бурхан Эцэг биднийг /христчидийг/ дураар нь дургиулахын тулд Хүүгээ өгөөгүй юм аа. Энэ уучлал нь дургих байдалд зориулагдаагүй юм. Харин бидэнд ямар давуу зам өгөгдсөн бэ гэхээр, хэрэв бид чин сэтгэлээсээ гэмшвэл, дахиж хэзээ ч энэ гэм нүглийг хийхгүй, энэ гэмийг би үзэн ядаж байна гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл хандлагатай бол уучлагдана гэж.
Та нар Давид хааны яаж гэмшиж байгааг библиэс уншсан л байх. Ер нь яах гэж Давидын түүх Хуучин гэрээнд нэгд нэгэнгүй бичигдсэн юм бэ? Ингэж л гэмшвэл Бурхан – Миний Хүүгийн урсгасан цус тэр гэм нүглийг чинь чамаас угааж, зайлуулахад Би тэр гэмийг, алдааг чинь дахин дурсахгүй, ярихгүй гэсэн юм. Өнөөдөр ч гэсэн Есүсийн цус та бидний төлөө урсахад бэлэн. Гагцхүү чи чин сэтгэл зүрхнээсээ гэмээ хүлээн зөвшөөрч татгалзвал уучлагдана.
Гэтэл өнөөдөр бид ингэж боддоггүй болж ээ. Бид зүгээр л “Өө, Ааваа уучлаарай” гээд л. Эхэндээ жаахан уйлна, эвгүй мэдрэмж төрнө. Сүүлдээ бүр дөжирнө. Гэм хийсэн чинь нээрээ яах ч үгүй байна аа. Энэ нь даамжраад уучлаарай, өө маргааш хийх гэмийг уучлаарай гэж хэлэх гээд байгаа юм уу бараг. Хэрэв бидний хүүхдүүд дахин дахин буруу зүйлээ хийгээд байвал та эгдүүцэхгүй юу ер нь? Бидний хүсэл тэр хүүхэд буруу зүйлээ больсон л байхад л оршино. Бурхан бидэнд Хуучин гэрээний үед угаагаад барагддаггүй байсан нүглийг гэмгүй ариун Хүүгийнхээ цусаар угаах болсон. Ийм болохоор л Шинэ гэрээн дэх уучлалын гүйцэтгэл нь Хуучин гэрээнээс хавьгүй илүү болсоныг харуулж байна. Энэ мэтчилэн зөвхөн уучлалын талаар гаргаж ирэхэд л гүн утга бүхий ойлголт байдгийг бид хардаггүй бас дутуу ойлгодог. Дутуу байдаг болохоор л христчидийн дунд завхрал өсөхөөс өөр аргагүй юм. Бид Бурханы нэрээр халхавч хийн худлаа ярьж, бие биенээ өөгшүүлэх явдал газар авсаны гол шалтгаан энэ. Хайрлаач, бие биенээ хайрлаач гээд л тулгана, шаардана. Есүс амиа өгөхөөс өмнө арван хоёр дагалдагчиддаа “Би та нарыг яаж хайрласан шиг бие биенээ хайрла” гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ “арван хоёр дагалдагчдад” хэлсэн гэдгийг онцгой анхаараарай. Гэтэл бид нар зөвхөн энэ ишлэлийг гаргаж аваад л, “тээр хайрла л”гэсэн байна, хайрлаач, хайрлана аа гээл дайрдаг. Тийм биш юм. Хайрлана гэдэг нь хамаг л муу муухайг нь хаацайлахыг хэлэхгүй.
Сайн мэдээний хамгийн эхний шат бол АВРАЛЫН САЙН МЭДЭЭ байх нь. Хүүхэд ерөнхий боловсролыг эзэмшихийн тулд эхлээд амьд байх ёстойн адил эхлээд бидний сүнсэнд амь өгөгдөх ёстой байлаа. Аврагдах ёстой, уучлагдах ёстой бас Бурхантай эвлрэгдэх ёстой байдаг. Ингээд та бодоод үз Сайн мэдээний хаана нь явна аа гэж. Та хаана гацсан байна? Зарим хүн бол “би аврагдсан, тамд орохгүй тэгээд л боллоо “ гээд гацчихсан байдаг бол нөгөө хэсэг нь Бурхан намайг авраад зогсохгүй уучилсан гээд зогсчихсон. Бид ер нь Сайн мэдээн дотор хөгждөггүй дээр нь Бурхан намайг уучилсан гэж боддог боловч ерөөс үүндээ итгэдэггүй л байхгүй юу. Бурхан уучилсан л бол уучилсан. Бурхан хэлэхдээ: Би та нарт үхлийг хүсдэггүй ээ, Би хүнд амийг л өгөхийг хүсдэг, Би уурлахаасаа илүү хайрлах дуртай Бурхан гэж. Миний уур агшин зуурынх байсан ч хайр энэрэл минь мөнхийнх гэж хэдэнтээ хэлжээ.
Сайн мэдээний анхны амтыг аваад бид гацах ёсгүй юм. Учир нь Сайн мэдээний анхны шатнаас илүү гүн гүнзгий хөгжил байдаг учраас тэр юм.
Иохан 3: 16 энэ ишлэлийг бүх итгэгчид цээжээр мэддэг. Ер нь сайн мэдээг бол бүхлээрээ “Хаанчлалын сайн мэдээ” юм. Есүс ирээд энэ Хаанчлалын сайн мэдээний хамгийн эхний ажил нь “та нар шийтгэлээс аврагдах болно гэж, та нар мөнхөд тамд хаягдах байсан харин Надад итгэвэл тамаас аврагдана” гэж тайлбарласан. Эндээс Бурханы хүн төрөлхтөнд ямар боломжийг Хүүгээрээ дамжуулан тавьж өгсөн, хангасныг харж болох нь.
Шинэ гэрээний эхний 4 номноос харвал Есүс: Надад итгэсэн хүн аврагдаж, мөнх амийг авна гэсэн. Бид Есүсийг хүлээн авсан учраас мөнхийн тамаас аврагдсан. Магад бид энэ тухай дэндүү их ярьсан учраас энэ нь бидний сэтгэлийг хөдөлгөхөө больсон байх. Ухаарлыг нээхээ ч зогссон байх.
Мөнх амь, мөнх амь. Мөнх амь гэдэг чинь ганцхан диваажин биш шүү дээ. Өнөөдөр газар дэлхийг өөрчилдөг хүч хаанаас гарах вэ, тэр мөнх аминаас л гарна шүү дээ. Гэтэл яагаад газар дэлхий байтугай миний гэр бүл өөрчлөгдөхгүй явна аа? Яагаад гэвэл миний дотор байгаа амь маш бага байгаа учраас. Харин Есүс: чиний дотор мөнх амь бялхаж, урсана гэсэн байдаг. Бидний дотор мөнх амь бялхах ёстой байтал оронд огт “өөр юм” бялхаад байдаг болохоор өөрчлөлт гарахгүй байгаа юм. Дэлхийг ч өөрчлөх хүчтэй амийн дотор бид хөгжих ёстой.
Амь дотор өөрсдөө ч хөгжихгүй, амийг ч хөгжүүлэхгүй бол сайн мэдээ бидний амьдралд ажиллахгүй. Ямар ч нөлөөгүй хэрэг. Сайн мэдээ миний дотор хөгжихгүй юм бол би мянга мянган хүнд Сайн мэдээг ярьсан ч юуг ч өөрчлөхгүй, бүтээхгүй, шинэчлэхгүй, энэ газар дэлхий Бурханых хэкээ ч болохгүй. Тийм л болохоор христчидийг хүмүүс “Ёооё та нар лайтай ярих юм аа, бүх юманд л Есүс, Есүс гээд л байх юм, ам хуурай байхгүй, юм л болвол Есүс”. Ийм байхад “та нараас болж харь үндэстнүүдийн дунд Миний нэр дэндүү гутаагдсан” гэж бичигдэх нь аргагүй л дээ.
Хайрт ах дүүс ээ, бид энэ өдрийг хүртэл Сайн мэдээг ярьсан байж болно. Тэгвэл өнөөдрөөс эхлээд өөрсдийнхөө дотор байгаа сайн мэдээг хөгжүүлье. Дотор чинь амь хэр байгаа юм? Тэр сайн мэдээг өсгөх гэж та хэр ажиллав, хэрхэн санаа тавив? Хамгийн сонирхолтой нь бидний дотор өгсөн мөнх амь чинь, үйлчлэлээр өсөхгүй, өдөр бүр библи уншаад ч өсөхгүй, энд тэнд сургаал номлосноор чинь өсөхгүй, залбирлын өргөөнд өглөө бүр очоод ч өсөхгүй, хүмүүст сайн юм хийгээд ч өсөхгүй. Тийм л сонирхолтой тогтолцоотой байх нь. Тэр амь зөвхөн дээрээс ирж байгаа юмсаар л тэжээгдэж, өсдөг, хөгждөг. Тэр нь тасарчихвал мянган сүнслэг юм яриад, хичээл заагаад нэмэргүй. Зөвхөн Бурханаас ирэх юмсаар л тэжээгддэг юм. Гэр бүлээс авахуулаад хамаг юмаа хаяад сүмд явъя, бусдын төлөө золиос гаргая, тэгээд ч тэр амь өсөхгүй. Бурхан энэ амийг өгөхдөө, Есүсийн хийсэн ажлын улмаас тодруулбал Есүсээр дамжин Эцэгтэй уулзах боломжтой болгосонд учир начир оршиж байгаа юм. За энэ л боломжийг ашиглаж тэр амь өсөж, хөгжинө. Зөвхөн Есүсээр дамжин Эцэгт хүрнэ.
Дахин нэг сонирхолтой юм ярихад. Миний дотор тэр амь бүр бялхам хөгжье. Харин таны доторх амийг миний бялхам дүүрэн байдал тэжээхгүй. Бурхан хэнд ямар амь өгсөн тэр амиа асууна. Танд би сайнаар нөлөөлж болно тэгсэн ч та хөгжүүлэхийг урьтал болгож, өөрөө Есүсээр дамжин Эцэгтэй уулзахгүй, дээрээс ирж буй юмыг өөрөө хүлээн авахгүй, танихгүй юм бол тэр амь өсөхгүй байх нь. Бурхан Эцэг л таны дотор өгсөн тэр амийг Өөрөө хөгжүүлж чадна. Ийм л учраас хүн зөвхөн талхаар бус Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна гэж бичигджээ.
Ингээд илчлэгдээд ирэхэд дээрээс авдаг тэжээлийн дутагдалд орчихсон христчид ямар их байна аа. Яг л “ДОХ” шиг хэзээ ч эдгэхгүй юм шиг. Магадгүй заримынх нь хувьд эмчилгээгүй байх өө. Гэтэл та Хотын сүмд яваад ч хөгжихгүй. Харин энд яригдаж буй үгсийг таниад, хүлээн аваад, гараад хөгжүүлж эхэлбэл тэр амь амьдарч эхэлнэ. Маш хүчтэй боломж байгаа юм. Монголчууд бид эрт дээр үеэс л “Эд мэдэхгүй хүн эдийн нэрийг гутаадаг” гэдэг. Есүс миний төлөө ирчихээд, амиа өргөөд ингэснээр Түүнд итгэхэд Тэр надад юу өгчихөв өө гэдгийг мэддэггүй учраас хувцас хунар, идэх хоол, цуглаанд ирсэн хүмүүсийн тоо, орсон өргөл орлого, ивээл ерөөлөө харж тоолсоор суудаг байх л даа. Тиймхэн жижиг зүйлийг хамгийн эрхэм зүйлээс дээгүүрт залчихсан байдаг.
/Үргэлжлэл 3-р хэсгийг та удахгүй хүлээн авна. Мөн та энэ сургаалийг сонсож болно./
Холбоотой мэдээ
-
Сүмийн цутгалт, Эцсийн шинэчлэлт, Эрхэм дээд хаанчлал
-
Гэр бүлийг бүтээгч Бурханы ажиллагаа
-
Түүний амралт руу
-
Хотын сүмийн сэтгэлгээ ба хэв маяг
-
ГАТАЛЖ ГАР ЭЗЭЛЖ АВ
-
Эхлээд сонсоод дараа нь...
-
Үг таныг өөрчлөг
-
Юм сурмаар л байгаа биз
-
ТАВАН ТАЛТ ҮЙЛЧЛЭЛ /эхний хэсэг/
-
Бурханы хайр номлолын сэдэв биш
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ /5-р хэсэг/
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 4
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 3
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ - 2
-
ЯЛАЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ СУРЪЯ
-
САЙН МЭДЭЭ АЗЫН ЗАХИА БИШ
-
БУРУУ ОЙЛГОЛТ ба БУРУУ АМЬДРАЛ
-
ЧИМЭЭГҮЙ ЧИМЭЭГҮЙ ЦАГ
-
МАХАН БИЕ ба ҮЙЛЧЛЭЛҮҮД
-
Үгүй, БИ ӨӨРӨӨ
-
САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ-1
-
ХУУЛИАР ЮМ УУ, ХРИСТЭЭР ЮМ УУ