Нийтлэл

ЯЛАЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ СУРЪЯ


Хэдэн сарын өмнө би facebook -ээр нэг залуутай ярилцаж билээ. Тэрээр хотын нэгэн цуглаанд явдаг залуу гэнэ. Тэрээр надад “би гэм нүглээсээ салж чадахгүй нь, дийлэхгүй байна” хэмээн хэлж байсан. Түүний чухам ямар гэм нүгэлд ороогдсон байгаа нь надад сонин биш ч харин гэм нүгэлд анхаарал тавьж, анхаарлаа хандуулдаг нь сонин санагдлаа.

Галат 5:16-д сүнсээр яв тэгвэл махан биеийнхээ хүслийг гүйцэлдүүлэхгүй гэж тодоос тодорхой бичигдсэн байхад зарим нөхдийн хувьд хаалттай, юуг ч ойлгохгүй хэвээр байх юм. Нэг л бол энэ ишлэлийг зүгээр цээжилдэг байх. Христийн сүнс бидний сүнсийг удирдахыг, дамжин амьдрахыг л зөвшөөрөх хэрэгтэй. Үүнд л анхаарлаа хандуул тэгээл болоо. Ариун сүнсээр амьдарна гэхээр учиргүй библи уншаал, залбираал, үйлчлээл, номлоол, заагаал, зөвлөөл, сүнслэг хачирхалтай юмсыг яриал, амьтан хүнийг айлгаал цочоохыг хэлэхгүй. 
Сүнсээр амьдардаг хүн аливаад бодитой, ухаалаг, эрүүл сэтгэж бодож, Бурхантай цаг үргэлж холбоотой, хамт алхаж байдаг хүн юм. Түүний дотор Бурхан Эцэгийн бодол оршдог.

Гэтэл махан биеэ өөгшүүлэгч итгэгчид гэмт хүслээ дарж, давж, дийлж байж сүнслэг амьдарч чадна гэж итгэдэг. Тэгэх тусам л гэмдээ идэгдэж, гарч чадахгүйгээ мэдэж, мэдэрч хүлээн зөвшөөрч сэтгэлээр унана. Ямартаа ч бид үйлсээ хичнээн цэвэрлээд ч сүнслэг болгож чадахгүй юм.

Ром 5:10-аас уншвал дайснууд байхдаа гэдэг нь махан биеэ дагаж, махаар сэтгэж үйлдэж байсан үедээ бид Бурханы эсрэг дайсагнадаг байсан гэсэн үг. Харин Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдэж, Түүний амиар аврагдсан. Үхлээр дамжин Хүүгийн амь бидний эвлэрэлээс ч илүү зүйлийг, дайсагналаас ч илүү зүйлийг хийх болно гэдгийг илтгэж байна. Тэхээр гэмээс чөлөөлөгдөнө гэдэг Бурханы эцсийн ажил биш байх нь. Харин бид гэмээсээ салж байж л Бурхан дээр очих гээд байдаг. Гэмээс ангижирна гэдэг бидний анхаарлын төв байх ёсгүй. Үүгээрээ би гэм хийгээд бай гэдгийг уриалаагүй гэдгийг ойлго. Анхаарал тань хаана байна та тэр чинээгээрээ л өөрчлөгдөж, өөр болж, ач холбогдол өгч буй зүйлийнхээ дагуу бодож, харж, үйлдэж эхлэдэг болохоор би энд чухалчиллаа.

Ингээд эргэцүүлбэл, гэмийн хүчийг Хүүгийн амь устгасан байгаа юм. Энэ бол агуу зүйл. Бид сонголт хийж амь дотор хүчирхэг байх, эсвэл гэмээ ялах гэсэн тэмцэл дотор сул дорой байх гэдгийг харах боломжтой боллоо. Та энэ хоёрын хаана нь явна вэ? Өөрийгөө бүү хуураарай. Та хичнээн өөрийгөө амийг хүлээн авсан, амь дотор алхаж байна гэж итгэл гарган тунхагласан ч нэгэнт та амь дотор явахыг мэдэхгүй, улмаар Христээр амьдардаггүй бол нэмэргүй шүү дээ. Олон христчид итгэлийн тунхаг гэж балай юмыг хийдэг. Энэ нь өөрсдийгөө хуурч, хөөрцөглөхөд л хүргэдэг. Угтаа бол бахь байдгаараа л байгаа ш дээ.

Би дахиад хэлье таны махан бие сүнслэг төлөвшилт, сайн зан чанар, хайрын үр жимсээр, залбирлаар, мацаг барилтаар, сүнслэг лаг лаг тулаанаар өөрчлөгдөхгүй юм шүү. Сүнсээр дүүрэн амьдрал л цорын ганц эмчилгээ юм.

Танд би, хэн нэгэн хүн 10 давхараас үсэрчээ гэхэд хариуд нь тэр тэгээд газарт унасан уу гэж та асуухгүй биз дээ. Тэр хүн угаас таталцлын хуулийн дагуу унах нь ойлгомжтой. Харин тэр хүн бэхэлгээтэй байсан бол газарт унахгүй байх байлаа. Энэ нь таталцлын хууль үйлчлэхээ больсон гэсэн хэрэг биш харин түүнээс илүү хууль үйлчилсэн тул уналгүй байж чадаж байгаа юм. Тиймээс гэмийн хүч чадал, урхидах байдал, хор хөнөөл нь хэвээрэй. Бүр маш хүчтэй. Сатан ч гэсэн. Махан биед үйлчилдэг хууль нь гэм. Харин сүнсээр удирдуулбал сүнсний хуулиар сөрж чадах билээ. Одоо танд ойлгомжтой болсон байх.

Ингээд төгсгөлд нь бид ялалтын бэлгийг хүлээн авч, түүн дотор амьдарч сурах ёстой болохоос ялах гэж чармайх хэрэггүй юм.