Нийтлэл

БУРУУ ОЙЛГОЛТ ба БУРУУ АМЬДРАЛ


Бас буруу хайрлавал тэр нь лав хайр биш гэж толгой холбомоор санагдчихлаа.
Ишлэлийг буруу ойлгосоноос болж төөрч амьдарсан үе бишгүй их байна. Монгол итгэгчид маань өнөөдөр хэд хэдэн хэл дээр библийг уншиж, судлах боломжтой болж байгаад хувьдаа би их баяртай байна. Гэвч олон хэл дээр уншлаа ч бас юуг ч сонсож чаддаггүй итгэгчид чамгүй их байсаар байна. Яалтай билээ. Бас олон хэлгүй мөртлөө амийн үгийг сонсчихдог, Бурхантай амьд харилцаатай итгэгчид ч бас байна.

 

 

Уншдаг ч судалдаг ч Бүтээгчийн хэлэх үгийг, ойлгуулах санааг нь авч чадахгүй итгэгчид /пастор, ахлагч, удирдагч, гишүүн, итгэгч, христчин гэх мэт бүгд шүү/ байна гэж таныг өдөв. 

Тухайлбал Иохан 14:15-д “Хэрэв та нар Намайг хайраладаг бол, Миний тушаалуудыг сахь.” Мөн зарим орчуулгад “Хэн нэгэн надад хайртай бол Миний тушаалуудыг сахина.” гэх зэргээр бичигдсэн байдаг. Ямартаа ч энэ ишлэлийг уншихад хайраа харуулах хэрэгтэй юм шиг л байгаа юм.

Угтаа бол хайраа Бурханд батлан харуулах шаардлага бидэнд байхгүй бөгөөд Бурханд бидний хайрын баталгаануудыг харах хэрэггүй байжээ. Абрахамаар жишээ авахад Бурхан Өөрөө түүнийг Абрам байхаас нь эхлэн тулж ажилласаар ямар итгэл Бурханд таалагддагийг амьдралаас нь Өөрөө гаргаж авсан билээ. Шинэ гэрээнд гэхэд л Есүс Эзэн “итгэлтэй хүнд бүх зүйл боломжтой…” гэж хэлэхдээ биднээс гарах бидний итгэлийг бүх зүйлийг гүйцэлдүүлэхэд хангалттай гэж хэлээгүй юм. Бид ямар итгэлийн тухай, хэний итгэлийн тухай хэрхэн ярьж байгааг нь сайн ойлгох ёстой. Сүнсээр алхадаггүй, сүнслэг зүйлийг мэддэггүй, сүнснний хөдөлгөөнийг мэдэрдэггүй, өөрийнхөө үйлсийг библиэр зөвтгөчихдөг христчингээс гарах “итгэл” Есүст таалагддаггүй гэж шуудхан хэлчихье. Товчхондоо бол хүний юмс Бурханд хэрэггүй л гэж.

Яг үүнтэй адил биднээс гарах хайр тэр дундаа хайрын баталгаа болгосон олон талт арга хэмжээнүүд Бурханд огт хэрэггүйгээр барахгүй “хог, хаягдал” юм. Бичээсийн хэлсэн санаа бол Есүсийг хайрладаг хүн тушаалыг нь төвөггүй дагаж чаддаг. Есүсийг хайрладаггүй хүн хичнээн хичээгээд Бурханы хүсээд байгаа шиг тушаалыг сахиж чадахгүй. Ихэнхдээ бид Бурханыг хайрлаж байна гэж христчин зан үйлийг ихээр хийхээс гадна хайрын найрлага гэж томъёолсноор 9 арга замаар үр жимс гаргах гэж дүлцгээдэг. Тэгээд дүлээд байгаа юм чинь аль нэг үр жимс шиг юм гарна. Үүнийгээ хайрлаж болоод байна гэж сэтгэл ханах нь мунхаглал билээ.
Гол ялгаа бол нэг нь ачаанаас нь хөнгөлж байхад нөгөө нь ачаа үүрүүлж байгаа юм. Ихэнхдээ бид ачаа үүрч, зовлого болсон зориулалтыг "үйлчлэл" гэж нэрлэдэг.

Уг нь хүн хэн нэгнийг хайрлавал түүний үгийг нь төвөггүй дагаж, хэрэгжүүлж чаддаг даа. Үгийг нь дагаж буй гол хүч нь хайртайд л байгаа юм. Есүсийн үг танд үнэ цэнтэй бол үгэнд нь та ач холбогдол өгдөг бол, үгээс нь юм ойлгож, тэр үг таныг өөрчилж, чөлөөлж байгаа учраас та татагддаг бол та Түүнийг хайрлахад болохгүй бүтэхгүй юм гэж үгүй. Ингэж хайрлаж байгаа хүн Сүнслэг зүйлд "мэдрэлтэй" болдог. Аз болоход Бурхан сүнс юм л даа.

Ерөнхийдөө бол ингэж нарийн тайлбарлах нь бас л учир дутагдалтай. Гэвч би жаахан харснаа чадан ядан танд хүргэж байгаа гэдгийг ойлгоорой. Хүн бүртэй ажиллах Бурханы арга зам өөр өөр бий. Гагцхүү Есүсийг таних тусам Есүсийг хайрладаг болно. Есүсийг таньсан хүн Эцэгийг танина. Эцэгийг таньсан хүн Эцэгийн үгээр байна. Эцэгийг хайрлаж үгээр нь амьдарч буй хүн Хүүд нь таалагдана. Хүү ийм л хүнд Өөрийгөө илчилнэ гэж Иохан 14:21-д сайхан бас тодорхой бичжээ. Ингээд өндөрлөе дөө. Хайраа харуулах гэж бүү амьдар, харин хайрлаж амьдар. Энэ хоёр их ялгаатай шүү.

Article by Odko