Нийтлэл

САЙН МЭДЭЭ АЗЫН ЗАХИА БИШ


Авралын зар тараах нь заримдаа “баяжуулдаг” захиа шиг тараагддаг. Тэр захианд: та аз жаргалын энэ захиаг 100 хувь хуулж бичээд “гараар” 100 хүнд тараа. Тэгээд 100 дахь захиа эзэндээ хүрсэнээс хойш та гэнэт баяжих болно…гэхчилэн горьдлого төрүүлдэг. "Орчин үеийн" сайн мэдээний ажил хүн энэ хорвоог орхиод диваажинд очихын төлөө гэмээ уулчуулах хэрэгтэйд ач холбогдол өгөх хандлагатай болжээ.

Өнөөдөр сүмүүд авралын зарыг дээрхтэй төстэй байдлаар түгээдэг юм шиг ээ. Тааралдсан болгоноо аврах хүслээр дүүрэн “агуу” хайрын сэтгэлтнүүд. Юм л бол авралын зар тарааж, амьтан хүнийг уяраах нэгнээ уярааж, уурлуулах нэгнээ уурлуулсаар. Нөгөө бөөсний тухай онигоо байдагдаа. Юу ч ярьсан тэр сэдвийг бөөс уруу хандуулдаг шиг. Юм л бол авралын зар…

Мэдээж авралын зар тараа гэж агуу захирамж, удирдамж Есүс Эзэнээс ирснийг мэднэ ээ. Гэхдээ сайн мэдээ гэж чухам юу юм бэ бас хэн үүнийг тараах ёстой юм гэдэгт анхаарлаа хандуулж нэг үзмээр л байгаа юм. Авралын зарын зорилго бол хүнийг Христэд итгүүлж, диваажинд орох шийдвэр гаргуулахын тулд биш харин Христтэй хамт, бялхасан амиар хэрхэн алхаж, амьдрахыг мэдүүлж, сонссон сайн мэдээнийхээ дотор өсөж хөгжих явдал юм. Нэг үгээр хэлэхэд сайн мэдээ амьдрал болох ёстой. Бурхан Эзэн Өөрийн Хүүгээ зөвхөн аврагдаад дараа нь диваажинд орох үйл явцын төлөө хүн төрөлхтөнд өгөөгүй нь лав. Хүүгээрээ дамжуулан аварсан хүмүүсээ Бурхан Өөрөө хүмүүжүүлж, хэлбэржүүлж, Өөрийг нь бүрэн илэрхийлж болохуйц хэмжээнд нь хүртэл ажилладаг. Ер нь христчин гэж нөхдүүд Христийг төлөөлөхүйц, харуулахуйц, Христийн юу тээж явсныг нь хүлээн авч, зүрхэндээ тээдэг...зэрэг их гүн гүнзгий ажил хийгдсэн байх ёстой л доо. Ийм л хүн өөрчлөгдөж, хэлбэржигдэж байхдаа бусдадаа нөлөөлж байдаг нь нууц биш юм. Энэ тухай Шинэ гэрээнээс уншиж болно. Ингээд Хүүгийнх нь дүр төрхөөр өөрчлөгдөн буй тэр хүн хаанчлалыг Бурханы хүссэний дагуу тээж, дэлхийд авчирдаг гэж давтъя.

Христчидийн гаргадаг авралын төлөвлөгөөгөөр дамжуулан шийдвэр гаргасан хүн христчинээр амьдрах явцдаа аврагдсан гэдгээ баттай мэдэхийн тулд шийдвэр гаргасан мөчөө дахин дахин санах шаардлагатай болдог бол Христтэй амьд харилцаатай болж, Түүний төлөвлөгөөний нэг хэсэг болсоноо мэдсэн хүний авралын баталгаа нь Христтэй хамт алхаж байгаа өдөр бүрийн амьдрал нь түүний баталгаа болдог байна. /урт өгүүлбэрийг дахин уншиж ойлгоорой. Маш том ялгаа бий шүү./

Хаанчлал нь авралын төлөвлөгөөнд хандах бидний хариу хандлагыг бус харин Христтэй харилцах, амьдрах, алхах бидний хандлагыг чухалчилдаг байна.

Нийтлэлч Одко