Нийтлэл

Үгүй, БИ ӨӨРӨӨ


Христэд итгэгч хүн бүрийн мөрөөдөл бол Бурханд агуугаар ашиглагдах. Үүний тулд бүхнээ зориулдаг нь нууц биш. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, сургууль соёл, ажлын газар, ар гэр гээл байгаа бүхнээ “золиослож” байгаад ч болов агуугаар ашиглагдахын төлөө нөр их хөдөлмөрлөцгөөдөг.
Үгүй гэж л бүү худлаа хэлээрэй. Бурхан харж байгаа шүү. Нэгэн пастор дуучин охиндоо санаа зовж: бага байхад нь л сайн зөвлөдөг, сургадаг байж, охидуудаа багад нь сайн сургаж, анхаарч байгаарай гэж надад онцгойлон захьсан юм. Тэрхэн агшинд золиос бүхэн хайр биш байдагдаа гэж бодогдсоноо даанч тэр "том" пасторт хэлж чадсангүй.
Үсээ цайтал, зүсээ зэвхийтлээ, сэтгэлээр цөхөртлөө ажилсаны эцэст, дээгүүр доогуур хөөцөлдсөний эцэст ч байж болно энэ бүхний төгсгөлд арай чамай тослуулан, томилуулан, хүлээн зөвшөөрөгдөн пастор, эсвэл туслах пастор, ахлагч ч юм уу ямар нэгэн "сениор" болдог. Яасан ч хэцүү христчин амьдрал вэ. Амьдралдаа ихийг үзэж туулна болоогүй ээ. Эцсийн найдвар Бурхан юм байна гэдгийг ойлгон ухаартлаа өнөөх "лидер" өөрийгөө болгоод, хангаад сурчихсан байдаг нь "агуу". Болгоод гэдэг нь өөрсдийнхөө ухаанаар хэрэгцээгээ хангаад сурчихсан л гэж хэлэх гэсэн юм. Махан биеийн хэрэгцээгээ хангадаг гэж тодруулж болно.

Сүнслэг гэж бодсон, санагдсан, харагдсан, эргэцүүлсэн болгоноо Христгүйгээр гүйцэлдүүлж хэрэгцээ шаардлагыг орлуулан хангахыг махан биеэ эрхлүүлэх гэж ойлгож болно оо. Махан биеийн хүсэл нь заавал заваан бохир байх албагүй. Сүнслэг юм шиг, ариун юм шиг, зөв мэт санагдсан зүйл ч хүртэл махан биеийн хүсэл байх бүрэн боломжтой. Махан биеийн хүслээр явах гэдэг нь Бурханы нөөц бололцоонд бус харин өөрийнхөө чадвар, чансаа, нөлөө, авъяас, бололцоондоо тулгуурлаж түшихийг хэлдэг.

Христэд итгэгчид хийдэг зүйлээрээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг илүүд үздэг маш хүчтэй зантай. Ялангуяа сүм дээрээ шүү дээ. Бас олны өмнө. Өөр газар бол тэднийг нээх их авч хэлэлцэхгүй учраас чимээгүйхэн христчин зан гаргаал явж байдаг. Нийгэм дээр тэднийг шашины ном дэлгэрүүлэгч гэж буддынхантай хольж ойлгодог.

Христчин амьдралын хэв маягийн дундах нэгэн сүнслэг гаж ойлголт бол өөртөө тусалдаг хүмүүст Бурхан ч гэсэн туслаж, ивээдэг гэсэн итгэл үнэмшил байгаа юм. Үүнийг сүнслэгжүүлэн “бид өөрсдийнхөө үүргийг /зарим сүмд хувийг гэдэг/ гүйцэтгэвэл Бурхан Өөрийнхийгөө хийнэ, ивээнэ” гэхчилэн ярьж итгэдэг. Тэгээд голдуу л “Эзэн минь, Танд үйлчилж Таны ажлыг хийж байхад ерөөгөөрэй” гэж залбирдаг нь хөөрхийлөлтэй. Гэтэл Шинэ гэрээнээс дагалдагчдын амьдралаас харвал Бурханд хичээл зүтгэлээ өргөдөг хүн биш харин өөрийгөө Бурханд бүрэн өгсөн хүмүүсийн амьдралаар Христ нь хэрхэн алдаршиж байгаа тухай “амьд” түүхүүд л байдаг. Үүнийг л олж харах нүд өнөөдөр тун цөөхөн л байна шүү дээ.

Бурханы урдуур орж ажиллагсад сүмээр дүүрчээ дүүрчээ. Тэд бол агуу үйлчлэгчид. Бурхан мацаг “бариагүй” байхад итгэгчид мацаглана. Бурхан зөвшөөрөөгүй байхад тэд үйлчлэл эхлүүлж, Бурхан сүм тариагүй байхад харин тэд сүм тарина. Бурхан нь үгээ хэлэх гээд байхад пастор нь өөрийнхөө үгийг урдуур нь орж номлоно. Бурхан нь зааж сургах гээд байхад “үгүй ээ би өөрөө энэ асуудлыг зохицуулчихъя” гэж байгаа юм шиг л асуудлыг өөрөө зохицуулж нарийн ухаан гаргаж найруулна. Ийм л болохоор Ариун Сүнсний хаана, юуг, хэрхэн хийж байгааг сүмийнхэн нь мэдэхгүй байгаад зогсохгүй үйлчлэлээ үргэлжлүүлж, авралын зараа тарааж байх вий дээ гэж нэгэн аврлын зар тараагч хүн харамссан юм шиг байгаа юм. Үнэндээ "би өөрөө" гээд байгаа хүнд Бурхан хэрэггүй л дээ.

Зүгээр байж зүрх амрааж Бурханы өмнө байдаг мэс заслын орон дээр "үйлчлэгч" таныг гарсан нь дээр гэж бодож байна. Бурхан Өөрөө таныг ийнхүү тайван байж Түүнд садаа болохгүй бол өөртэй чинь тулж ажиллах чин хүслээр дүүрэн байдаг юм шүү. Та Бурханы төлөө хийх зүйлийнхээ оронд Христ хэмээх хүнд төвлөрч сур, тэгээд дараа нь үйлчлэл гэж юу болохыг мэднэ, Бурханы ажил юу болохыг ч ухаарна. Гол нь та амьдралынхаа бүхий л нөхцөлд өөртөө найдаад сурчихсан учраас л тийм ч амар Бурханд буугаад өгөхгүй л дээ. Гэвч найдвар байгаа шүү.

Нийтлэлч Одко