Нийтлэл

МАХАН БИЕ ба ҮЙЛЧЛЭЛҮҮД


Христчингүүдийн дунд “Бурхантай ойр байсан, байна”, “Бурханаас хол байсан, байна” гэхчилэн ярьж ойлгох ойлголт бий. Ажиглаад байх нээ, сайн үйлчилж, зүтгэж, хичээл чармайлт гаргаж басхүү чамгүй амжилт, үр дүнг нь харсан үедээ “Бурхантай ойр байна, Тэр намайг ивээж байна” гэх зэргийн ойлголт, итгэл үнэмшил, үйлчлэлийн баяр хөөр ирдэг байгаам.

Христийн төлөөх үйлчлэл биднийг “донтон” болгох хүчтэй. Учир нь итгэгч хүн Бурханд баярласан, талархсан талархалаа үйлчлэл болгон илэрхийлж, бүхий л өөрийнхөө замаар Бурханаа алдаршуулах гэсэн оролдлого нь жинхэнэ махан биеийн үйлсэд түлхэн оруулж байна. Бурханы надаар хийлгэж, гүйцэлдүүлэх ажлыг нь хийж байгаа гэж итгэх үедээ Бурхантай ойр байна гэж, түүнээ хийж чадахгүй байгаа үедээ Бурханаас хол байна гэж итгэдэг нь өнөөгийн христчидийн үнэн дүр зураг. Үнэндээ Бурхан тэгж ойртож, холдоод байдаг ч Нэгэн биш. Харин хүн бид бол тэгдэг. Тэд Христэд итгэсэн цаг мөчөөсөө эхлэн ийм байгаагүй. Олж авсан “христчин хүмүүжил” л тэднийг ийм байхад хүчтэй нөлөөлж чадсан. 

Зөвхөн Бурханы хүүхдээр л Христийн амьдрал, дүр зураг бүрэн илэрхийлэгдэх боломжтой гэдгийг хэлэх байна. Ингэхийн тулд юуны өмнө христчингүүд Бурханы хүүхэд болгогдох хэрэгтэй юм. Харамсалтай нь одоо хүртэл ихэнх христчингүүд өөрийгөө Бурханы хүүхэд болсон гэж найдаж явдаг нь тэднийг сохроор итгэж, үйлчлэхэд хүргэдэг. Бурханы хүүхэд болно, болгогдоно гэдэг Бурханы төлөө үйлчлэхээс ч агуу амьдрал юм. Наад зах нь Бурханыг Эцэг ээ, Аав аа гэж сүнсэндээ, зүрхэндээ хүлээн авч ойлгож, итгэх хэрэгтэй. Цаашлаад Бурхан өөрийг нь ямар хүн болгож, бүтээж, тулж ажиллах хүсэлтэйг нь мэдэх хэрэгтэй. Улмаар Бурханы хүсэж буй хүн болох, Түүгээр бүтээгдэхээ хүлээн зөвшөөрч, өдөр бүр өөртэйгөө тулснаар хүүхэд болохын эхний шатны ажил эхэлдэг. /Энэ тухай дэлгэрэнгүй бичмээр байвч энэ удаа өнжье./

Бас нэг үнэнийг хэлэхэд Бурхан биднээс христчин амьдралаар амьдрахыг хүсдэггүй гэдгийг бүгд мэдэх хэрэгтэй. Тэр энэ бүхнийг бидний дотор бий болгосон Христээр дамжуулан хийхийг л хүсдэг. Тэгэхгүй бол тэр агуу хаанчлалын амьдралыг бидэн шиг түүхий, махан биеэр сэтгэж, үйлддэг нөхөд хийж, гүйцэлдүүлж чадахгүй.

Дахиад л сэтгэл шаналмаар жишээг дурдахад, өнөөгийн христчингүүд өөрсдийн ариун хүслээ Бурханд үргэлж тулгаж, түүнийхээ төлөө залбирч, үйлчилж, мацаглаж байдаг нь аймшигтай. Угаас махан биеийн зөвт байдал нь “христчин, ариухан, сайн үйлс”-ээр илэрч идэвхжиж байдаг.

Хаанчлалын тухай хэнбугай нь амныхаа зоргоор чалчиж болох ч хаанчлалын зам дээр гарагсдаас илүү гарч чадахгүй. Хаанчлалын амьдралыг Бурханд үйлчлэх үйлчлэлээр харснаас болж дуудлага, тосолгоо, томилгоо зэрэгтээ живж өөрөө ч ядарч, өрөөлийг ч туйлдтал ажиллахад хүргэж байна даа. Гэхдээ ядарч байгаагаа ч мэдэж байгаа ч юмуу бүү мэд дээ. Ингэх л ёстой, тэгэх л ёстой гээл нэг үйлчлэлээс нөгөө үйлчлэлийг шүүрэн авч, үйлчлэл дундаа бие биенийхээ өмнө нэр хүндийг олж, нөлөөгөө ихэсгэсээр нэг л мэдэхэд удирдагч, ахлагч, пастор, зохицуулагч гэх мэтчилэн агуу нэршлүүдээр шагнагддаг нь өнөөгийн ёс оо.

Ийм маягаар христчин хүний амьдрал "хулганы" тойрогт орж эргэлдсээр. Яахав намайг ингэж бичлээ гэж олон христчин дургүйцэж, уурлаж, цухалдах л биз. Гэхдээ энэ олон хулгануудын дунд жаахан ухаантай, сүнсээр өлсдөг, амьдралаа өөрөөр хардаг, хүлээсэн, шаналсан, залбирсан, горьдсон арай өөр хулганууд бас байгаа гэж найддаг шүү. Тэд энэ жижигхэн нийтлэлийг уншвал сэрээд хулган адил гүйхээ болино.

Зүрх сэтгэл чинь хүмүүсийн хэрэгцээгээр хөтлөгдөж, Бурханы хайрын өмнө хариуцлагатай байхыг чухалчилж өөрийн бүхий л хүч чадлаараа “ариун үйлс, дуудлагадаа” үнэнч байх бүхий л оролдлогыг хийж байгаа бол та махан биеэ “христжүүлж” түүнийгээ “бурханлаг” байдлаар хучиж байгаагаас өөр юм юу ч алга. Яг л хар төмрийг мөнгөний байванд хийхэд нэг хэсэгтээ л мөнгө эдлэл мэт байвч хэд үрээл төмөр нь зухуйна.

Та хоосон хөдөлмөрлөж байна. Найдвар байна гэж өөрийгөө хуурч байна. Уучлаарай, би танд үнэнийг хэлье. Ингэж та өөрийн махан биеийн үйлсээр итгэлийн амьдралыг ойлгож байгаа бол тун харамсалтай. Христ доторх бидний энгийн мөртлөө энгүүн амьдралаас үүдэлтэй биш л бол тэр үйлчлэл чинь махан биеийн үйлс болох юм. Махан биеэ зориулж буй христчидээс Бурхан ямар ч алдрыг авч чадахааргүйгээр үл барам харин ч улс үндэстэндээ доромжлуулан гутаалгахад хүрдэг юм байна лээ. Махан биеэр үйлчилж явсан хүний хувьд гашуун үнэнийг дэлгэлээ.

Нийтлэлч Одко