Бидний тухай

Мэндчилгээ


Та бүхэнтэй Хотын Сүмийн интернэт хуудаснаа мэндчилж байгаадаа баяртай байхын сацуу энэ өдрийн халуун мэндийг хүргэж байна.

Хотын сүмийнхэн бид түүхийн маш эгзэгтэй, халуун, гайхамшигтай цаг үед амьдарч байна гэж итгэдэг. Зүгээр ч нэг итгэдэг бус энэхүү итгэлийн улмаас мөнхийн Бурхан Эцэгийн өмнө, эх орон, ард түмнийхээ өмнө, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай амьдрах гүн хэрэгцээг гүйцэлдүүлэх эрч хүч, шийдэмгий байдал, баяр хөөрөөр дүүрэн байгаа юм.

Хотын Сүмийг Бурхан Эцэг Өөрөө, Үг ба Сүнсээр төрүүлсэн. Бурхан Эцэг Өөрөө Есүс Христийн хэлсэнчлэн "...тамын хаалга ч дийлэхгүй, хаанчлалын түлхүүрүүдийг гардан авсан, мөнхийн улс ба газар дэлхийг холбосон” ийм л сүмийг нягт нямбай ажиллах барилгачин лугаа адил барьж байна. Өнөөдөр Бурхан Эцэгийн хийж байгаа бүхэн нь Өөртэй нь хамт хаанчлан захирах сүм чуулганаа босгохтой шууд холбоотой юм. Зөвхөн Хотын Сүм төдийгүй Христийн нэрээр овоглосон сүм, Хүүд итгэж мөнх амийг авсан итгэгч нэг бүрт энэхүү зорилго шууд хамааралтай.

Бид - цаг үеийн амин чухал шинж тэмдэгт итгэдэг. Их Эзэн маань бидэнд цагийн байдлыг шинжиж, тодорхойлох мэдрэмжтэй байхын чухлыг зааж өгсөн билээ. /Матай 24:32/ 

Өнөөдөр бид Бурханы төлөвлөгөөний тодорхой илчлэлтүүд, бидэн рүү хэлж байгаа тув тунгалаг, тов тодорхой үг ба ойлголтуудаас нь Түүний хөдөлгөөн, алхам бүрийг таних боломжтой. Энэ гайхалтай нээлттэй байдал нь бидний амьдралын хэв маяг, хаанчлалын соёл, сүнсний өсөлт, оюун санааны шинэчлэлтэнд гүн нөлөө үзүүлэхийн тулд биш гэж үү?

Бид зөвхөн Бурханаас өөрсдийнхөө амьдралд хэрэгтэй гэсэн бүхнээ гуйж авахын тулд амьдардаг өрөвдмөөр арчаагүй, итгэж ядсан, цөхөрсөн, “цоорхой” уут шиг амьдрахаар дуудагдсан хүмүүс биш ээ. Тэр тусмаа жинхэнэ тэнгэрлэг, дээгүүрх зүйлсийг эрэн хайхаар тэмүүлэх цаг нэгэнт иржээ.

Бид - сүм өөрийн үүрэг, хариуцлага, агуу дуудлага руугаа, хаанчлах байр сууринд хүрэх цаг ирсэн гэж

итгэдэг. Христийн сүм чуулган Амьд бөгөөд Агуу Том Бурханы сүм биш гэж үү? Тэнгэрүүдийг газартай нь бүтээсэн, өнгөрсөн одоо ирээдүй цагуудыг тогтоосон, түүхийг Өөрийнхөөрөө эргүүлж, бичдэг тэр л Бурханы ариун хүмүүсийн хүчирхэг цугларалт биш гэж үү?

Хүн бүр өөрийгөө Хүүд итгэсэн гэж боддог бол итгэлээ дахин нэг харахтун. Мөнхийн Бурхан Эцэг Есүс Христийн сүйт бүсгүй болох сүмээ барьж байна. Тэрээр 2000 гаруй жилийн тэртээгээс Өөрийн хүссэн бас төлөвлөсөн сүмээ, Өөрийн орших газар хийгээд залрах сэнтийгээ Өөрөө бүтээж, гаргаж ирэх л болно. Харин Бурхан Эцэг та биднийг хамтрагч байхаар дуудсан гэдгийг мартаж болохгүй. Энэ ч утгаараа өнөөдөр дээд дуудлагаа харсан, Бурхантай хамт амьдарч сурсан, Бурханаар бэлтгэгдсэн хүчирхэг итгэгчдийг төрүүлэх хэвлий бол “сүм” мөн. 

Өнөөдөр зарим итгэгчид сүнслэг, гүн ойлголтуудаас зугтсаар байна. "Надад дэндүү ахадсан ойлголт байна" гэж хэлдэг. Та бид чинь “Том” Бурханы хүүхдүүд. Тэр бидэн рүү “Том” л ярих болно. Том төлөвлөгөөнүүдийг, “том” үнэнг хэлэх болно. Бүгдээрээ бэлэн байцгаая. 

Хотын Сүмийн танилцуулга бүхэлдээ таны өмнө нээлттэй бөгөөд бидэнтэй танилцаж, амьдарч байгаа газартаа, хамрагдаж байгаа сүм чуулгандаа, Бурхан Эцэгийн зорилго, хүслийг танихын чухлыг мэдэж, мэдэрч хамтдаа алхацгаая гэж хэлэх байна.

Мөнхийн Бурхан Эцэг, бидний Аврагч, сүмийн Тэргүүн Есүс Христ, Хүчит Ариун Сүнс та бүхнийг бялхтал нийгүүлсэх болтугай.

 

Хотын сүмийн пасторууд

Д.Батжаргал 
Д.Сувд