Нийтлэл

Түүний амралт руу


“Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт руу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм”

Еврей 4:10

 

Эхэнд тэнгэрлэг Эцэг маань бүх ажлуудаа бүрэн төгс хийгээд амарсан билээ. Тэрээр бүтээсэн хийсэн бүхэндээ туйлын сэтгэл хангалуун, хийж дууссан ажлууд нь төгс, өөлөхийн аргагүй үзэсгэлэнтэй байв. Үүний дараа Эцэг Бурхан амарсан юм.

Тэгвэл,  алдагдсан, эмх цэгцгүй, гэмт ертөнцөө дахин сэргээхээр Христийг илгээсэн Түүний ажил нь ч мөн төгс, давуу, хүчирхэг, бүрэн бүтэн байлаа. Хүү нь Түүний ажлыг төгс гүйцэлдүүлсэн. Одоо Тэрээр туйлын хангалуун байна.

Бид ч өөрсдийн утгагүй, залхмаар, эцэс төгсгөлгүй, эрэмбэ дараагүй, хүнд ажлаасаа амарсан. Өөрөөр хэлбэл, Эцэгийн амралт руу орсон байна. Түүний оршихуйн сэргээх хүч рүү, амийн усны нөөц рүү, ер бусын цул нэгдэл рүү, хэзээ ч шавхагдашгүй баяр хөөр хийгээд бүхий л оюун ухаанаас хол давуу амар тайван руу нь алхан орсон. Тэр биднийг Өөрийн эмх цэгц рүү,  бурханлаг эрэмбэ дараалал руу, Эвлэрэл рүү, Өөрийн сэргэлт хийгээд Хөгжил Цэцэглэлт рүү, Зөвт Байдал ба Үнэн рүүгээ баяртайгаар хөтлөн оруулжээ! Энэ л амралт дотор би, Түүний ариун хүмүүс болох ах эгч дүүс нэгдэл, “Хотын Сүм” маань хичээнгүйлэн баригдах учиртай.

Амлалтын Газар бол Амралтын Газар мөн. Цөлийн нүсэр, далайцтай сургалтууд, сахилга бат, дасгалжуулалт, асар хүчтэй хэлбэржүүлэлт хийгээд харилцааны уран нарийн ажиллагааны дараа бид Амлалтын Газар буюу Амралтын Газар руу орох болно. Тэр цаг ирсэн гэдэгт би бат итгэдэг. Амралтын Газарт “Та биднийг ерөөгөөч” гэж гуйх шаардлагагүй. Ерөөл бидний амьдрал байх болно. Яг үнэндээ хүршгүй мэт санагддаг байсан Үнэнүүд рүү бид аль хэдийн орчихсон шүү дээ. Хүн итгэл үнэмшлээсээ хөндийрөхөд Бурхан алс хол мэт мэдрэмж төрдөг. Итгэл амилж эхлэхэд Түүний ямар ойрхон байгааг зүрх өөрөө мэддэг. Зөвхөн Бурхан Эцэг төдийгүй, Түүнтэй холбоотой бүхэн ойртож эхэлнэ. Ойртох ч хангалттай хэмжүүр биш. Бүр миний, таны зүрхэнд Тэрээр амьдарч эхэлдэг.

 

Эцэст нь Бурханд ойртогтун. Түүний Амралт руу орогтун. Тэр үед харанхуйн хаанчлал чамаас зайлсан болохыг чи харах буй за.