Нийтлэл

САЙН МЭДЭЭНИЙ ДҮҮРЭН БАЙДАЛ /5-р хэсэг/


Мөнх Бурханы хүч нь сайн мэдээн дотор ажиллаж байдаг. Хүн тэрхүү сайн мэдээг тунхаглаж байхад л хүмүүс өөрсдийнхөө гэм нүгэлт, тэнцэхгүй байдлаа харж, жигшиж, өөрчлөгдөх, аврагдах ёстойгоо ухаардаг байна. Есүс: энэ сайн мэдээ израйлийн алдагдсан хонинуудад зориулагдсан, Би израйлийн алдагдсан хонины төлөө ирсэн гэдэг. Тэгээд 100 хоньтой нэгэн хүн 1 хонио алдаад, 99 хонио орхиод алдагдсан хонины араас явдаг яриагаар сургаалт зүйрлэл хэлж байсан. Бид үүнийг ойлгохдоо тэрхүү алдагдсан хонийг нь Христэд үл итгэгч гэж бодоод л сайн мэдээ тараах гэж үхэн хатан тэмцдэг. Гэтэл энд тэс өөр зүйлийг онцолсон байдаг. Тэр 100 хонь чинь Бурханы хонь байсан. Есүсийн ярьсан Сайн мэдээ хамгийн эхлээд Бурханыг мэддэг атлаа төөрөөд явчихсан хүнд зориулагдсан байлаа. Тэгвэл өнөөдөр Сайн мэдээ хэнд очих ёстой юм гэхээр Есүс Христийг хүлээн авсан хүмүүст бүрэн утгаараа очих ёстой. Өөрийгөө сайн гэж боддог, аврагдсан, аврагдсан юм чин яаж ч амьдарсан яахав гэж боддог, би энэ дэлхийн хүмүүсийг бодох юм бол аврагдсан, Бурханы ариун хүүхэд гэж боддог хүмүүст, надад гэмшээд байх шаардлага байхгүй гэж боддог хүмүүст энэ сайн мэдээ очих ёстой.

Бид яагаад өнөөдөр чөлөөлөгддөггүй юм. Яагаад жилээс жилд чөлөөлөлт сургалтанд суудаг юм. Байдгаараа зүтгээл байхад чинь яагаад юунаасаа ч чөлөөлөгддөггүй юм. Яагаад гэвэл хүч алга, сайн мэдээний хүч алга. Бурханы хүч ерөөс ажиллахгүй байгаа юм.

Ийм л учраас Сайн мэдээ амьдралын бүхий л харанхуйгаас чөлөөлсөн. Гагцхүү өнөөдөр та бид энэ л сайн мэдээний дотор алхасан уу, амьдарсан уу. Гэтэл зарим хүн хэлэх байх л даа: Би архи уухаа байчихсан, тамхинаас гарчихсан гэж. Наадах чинь бол юу ч биш. Жирийн хүн хүртэл шийдвэр гаргаал хорт муу зуршлуудаасаа салчихаж байна. Тэдэнд тэр архинаас салгадаг сургалт хэрэггүй. Архи, тамхи хийгээд хорт муу зуршлуудаас чинь Сайн мэдээ салгах гэж ч ирээгүй юм.

Бурханы авралд хүргэдэг сайн мэдээ нь өөрөө амьдралын ямар ч боолчлолоос чөлөөлөх хүчийг агуулж байдаг юм.

 

Нэгэн түүхийг уншицгаая. Матай 19:16-22 “16Үзэгтүн, нэгэн хvн Түүн уруу ирээд,

 -Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад, 17Есүс

 -Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. 18Тэр Түүнд

 -Алийг нь? гэхэд Есүс

 -Чи хvн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил. 19Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. 20Өнөөх залуу эр Түүнд

 -Энэ бvхнийг би сахисан. Надад єєр юу дутагдаж байна вэ? гэхэд, 21Есvс

 -Хэрэв чи тєгс байхыг хvсэж байвал, явж эд хєрєнгєє зарж ядууст єг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. 22Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хєрєнгєтэй нэгэн байжээ.”

 

Энд ямар сайн юм хийх вэ гэж асууж байна. Юм хийснээрээ юм авдаггүй юм. Харин Бурханыг хэн бэ гэдгийг таньснаар жинхэнэ хүрэх юмандаа хүрдэг гэж. Тэгээд Есүс: Хэрэв чи амьтай болохыг хүсвэл Бурханы тушаалуудыг сахь гэсэн. Энэ түүхэнд тэр сайн залуу олон сайн зүйлийг хийдэг, тушаалыг сахьдаг байсан ч амьгүй байсан байна. Тэр амьгүй байгаагаа ямартаа ч мэдэж. Өөрийнхөө хийдэг олон зүйлсээ “амьгүй байна аа гэдгээ” мэднэ гэдэг өнөөдөр христчидийн дунд ч цөөн байдаг ховор залуу юм шүү.
Тэр муу хүн байгаагүй, баян хүн бүр муу байдаг юм биш. Тэр залуу маш сайн христчин байж. Бүх зүйлийг хийдэг, үйлчилдэг, заадаг, тусладаг, эцэг эхээ хүндэлдэг, бусдыг хайрладаг. Тиймдээ ч “алийг нь” гэж хүртэл Есүсээс зоригтой асууж чадаж байна. Уул нь бүх юмыг л хийгээд байна гэтэл амь түүнд алга гэж дахин хэлье. Өнөөдрийн христчин бид шиг л юм бүхнийг хийгээл, үйлчлээл байгаа нөхөр байна.

Есүс түүнийг бүх тушаалуудыг нарийн чанд, ширхэгчлэн дагадаг байсныг нь мэдээж мэддэг байсан. Гэсэн ч Тэр нэг нөхцөлийг тавьсан. Бүх юмаа зараад ядууст өг, тэгээд ирж Намайг дага гэж. Үүнийг бид урьд нь маш буруу ойлгодог байсан. Эд хөрөнгөтэй байна гэдэг чинь буруу юм байна, эсвэл баян хүн байж болохгүй ч юм уу, юмаа зараад тэнгэрт эрдэнэс хураана гэхчилэн. Тэр сайн залуу хэрэв Есүсийн үгэнд орсон бол хаанчлалын маш том ажлыг Есүс түүнд хариуцуулах гэж байсан. Чамд юу дутагдаж байгаа гээч, чамд Хаанчлал дутагдаж байна гэдгийг Есүс хэлсэн. Хаанчлал руу орохын тулд хүн дахин төрсөн байх учиртай. Чамайг хаанчлал руу ороход чиний араас юу ч зулгаах ёсгүй. Бүгдийг нь зараад ядууст өгчих тэр л эд хөрөнгө чамайг амьтай, бялхасан амьтай амьдрахад чинь саад болоод байна, гэдгийг ойлгуулах гэсэн боловч тэр залуу тэгсэнгүй. Тийм ч учраас Есүсээс холдон явсан байна. Мөнхийн улсад хүний сэтгэл хоргодохоос илүү эрдэнэс, эх сурвалж, хангамжууд байдаг бөгөөд гагцхүү чи хаанчлалын зам дээр гарч алхаж, амьдрахад бүрэн хангагдаж, Есүстэй хамт хаанчлах юм. Есүс тэр залууд Хаанчлалын сайн мэдээ тараасан байна.

Есүс үүний дараа: Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь үнэн бэрх юм гэдэг. Өөрийг нь хүлсэн хүлээсээс салах дургүй, хаанчлалын амьдралыг юман чинээ боддоггүй хүмүүс хаанчлал нь бүтэшгүй юм байна гэсэнтэй адил юм. Энэ бүхэнд хэрдхийсэн дагалдагчдаа хандан Есүс: Миний төлөө бүхнээ орхисоныг чинь Би мэднэ. Миний мөнхийн улсад бүх алдсан зүйлийг чинь эргүүлэн төлөх хангалттай эх сурвалж бий гэдэг. Юугаар ч чи дутахгүй. Хаанчлалын зам дээр алхахад чамайг хойш нь татаж байсан бүхнээс чи татгалзсан л бол хэрэгтэй бүхнээрээ чи хангагдана аа гэдэг. Зөвхөн Бурханы л төлөвлөгөө рүү орох ёстой байсан.

Энэ сайн мэдээг ингээл уудлаал ухаал байвал ямар ямар нууцууд гарч ирэх вэ? Бид энэ мэдээн дотор өсөх л ёстой. Өөр хоорондоо уулзаад ярихдаа аймаар гоё гэхээс илүү гүн нууцуудыг, бодит амьдралаа, өөрчлөлтөө бас ярьж байя. Хаанчлалын сайн мэдээ нь өөрөө хүнээс бүх зүйлсийг нь хүсдэг учраас олон христчин энэ зам дээр гарч чаддаггүй юм. Бурханд эцсийн бүлэгт 100 хувь Өөрийнх нь араас дагаж, амьдрах, бүхнээ орхиж чадах хүн хэрэгтэй байдаг. Тэр шударга Бурхан болохоор бүгдийг нь эргүүлж өгнө гэж Есүс амласан. Бурхан шан харамжийг ч гэсэн өгнө. Юугаа золиослосон түүнийгээ авна гэдэг. Үнэндээ сайн мэдээ биднийг Мөнхийн улстай гүн холбоотой болгохоор өгөгдсөн байгаа шүү дээ.

Бурхан бидэнд сайн мэдээгээ өгөхдөө тамаас авраад зогссон уу? Үгүй. Тэгвэл зөвхөн гэмийн шийтгэлээс авраад, Есүс Христээр дамжуулан уучлаад, эвлэрээд одоо хоёулаа найз боллоо шүү гээд зогссон уу? Үгүй, Бурхан одоо чи Миний хүүхэд гээд зогссон уу? Бас л үгүй. Хүүхэд нь учраас бүхий л муу зуршлуудаас Тэр салгана. Сайн мэдээнд биднийг чөлөөлөх хүч байдаг болохоос сайн сургалт эсвэл сүнслэг хэн нэгэн ирээд хэд залбираад чөлөөлчихдөг юм огт биш. Миний хувьд 10 жил христчин гээд явж байна. Энэ хугацаанд маш олон удаа өөрийгөө ч тэр, өрөөлийг ч тэр чөлөөлөх гэж төрөл бүрийн аргаар үзлээ. Чөлөөлт явагддаггүй юм байна лээ. Тэгээд болоогүй ээ чөлөөлж байна гэж ч өөрийгөө хуурч үзлээ.

Сайн мэдээг бид яриад л яваад байвал юуг ч өөрчлөхгүй. Сайн мэдээ эхлээд таныг өөрчлөг дараа нь бусдыг өөрчлөг. Сайн мэдээ хүрээгүй судалгаа хүртэл гаргасан байдаг. Одоогийн байдлаар тэдэн сая хүнд очоогүй байна гэхчилэн. Юм ингэж явахгүй ээ. Сайн мэдээ ингэж тунхаглагдахгүй. Есүсийн тухай бидний ярьсан яриаг сонсоогүй хүн бараг байхгүй дээ. Харин хаанчлалын сайн мэдээг бүтэн утгаар нь, хүчээр нь хэдэн үндэстэнд хүргэсэн бол, өгсөн юм бол бараг байхгүй, эхлээч үгүй юм шиг бодогддог. Төгсгөл яагаа ч үгүй байх нь. Хаанчлалын сайн мэдээ бүрэн утгаараа, бялхам байдлаар танигдах, харагдах ёстой.

Библи дээр сайн мэдээ нь хэрхэн үндэстнүүдийг доргиож байгаагаар гардаг шиг бидний амьдралд биелэлээ олох учиртай. Үйлс номон дээрх тэр л үйл явдал болох ёстой. Петрийн сүүдрээр эдгэрээл, хараа ороол, амьд Бурханы хүч дотор сүмүүд босоод л, жинхэнэ Бурханы өмнө хаад ноёд, дарга, ерөнхийлөгчид нь мөргөөл...бид үүнийг үзээгүй л байгаа. Яриад байгаа хэрнээ бид юу ч хийж чадахгүй байгаад байна. Дахин хэлье бид хүчийг нь танихгүй байна, сайн мэдээгээ мэдэхгүй байна. Ярих нь буруу гэж би хэлээгүй. Гагцхүү бид болоогүй байхад түрүүлж яриад байгаа нь буруу юм. Өөрийн болоогүй, өөрийн мэдэхгүй юмаа яриад байж болохгүй шүү дээ. Бид заавал сайн мэдээгээ мэдэх, таних ёстой. Загалмайн үхэл итгэдэг хүмүүсийн хувьд мунхаг явдал боловч итгэдэг хүмүүсийн хувьд авралд хүргэдэг Бурханы хүч мөн.