Нийтлэл

ХУУЛИАР ЮМ УУ, ХРИСТЭЭР ЮМ УУ


Нэгэн хүн найздаа библи бэлэглэжээ. Тэрээр бэлэглэхдээ: “энэ ном чамайг гэмээс хамгаална. Харин гэм чамайг энэ номноос салгана.” гэж бичээд доор нь хайрт найз чамдаа гээд гарын үсэг, огноогоо бичжээ.

Үүнийг уншихад их л сүржин ухаалаг бичсэн мэт боловч үнэндээ гэмийн тухай ойлголт, тэрхүү “ном”-ын тухай ойлголт ч, дээр нь эмээд гэмээс ангид амьдрах тухай ойлголтууд аль аль нь шал өөр зүйл юм гэдгийг ойлгоогүй нэгэн итгэгчийн тухай бэлэхнээ харуулж байна.

Өнөөдөр христчин бид библиэр амьдрах гэж үнэнхүү зүтгэж байна. Зүтгэсээр ч ирсэн. Өнгөрсөн 2000 жилийн тэртээгээс л эхэлсэн. Амжилттай, амжилтгүй гээл янз бүр. Хэрэв библиэр дамжуулан биднийг биближсэн амьдралаар амьдруулахаар Бурхан дуудаж, хүссэн бол бид ямар өрөвдөлтэй хүмүүс вэ гэж хэлэхээс өөр үг даанч алга. Учир нь библийн дагуу амьдарсан хүн бол ганцхан Есүс л юм. Тэр л бүхий л амлалт, бичээсийн тайлбар, утга учрыг гаргаж, харуулж, биелүүлж амьдарсан. Тийм байтал бид одоо юу вэ. Хуучин гэрээнийх буюу Есүсийг ирэхээс өмнө амьдарч байсан иудейчүүд ч гэсэн хуулийн номыг ширхэгчлэн дагахыг хичээгсэд билээ. Гэтэл яахаараа Шинэ гэрээний итгэгчид бид хуулийн бүхий л үг үсгийг даган биелүүлэх гэж улайраад байгаа юм бэ.

Бичээсийн цаана буй Бурхан Эцэгийн хүслийг бүрэн мэдэж байсан хүн бол цорын ганц Есүс билээ. Тэгвэл Есүс рүү хараагаа хандуулах нь логик могикоор бол зөв. Библийн дагуу амьдрах гэж чармайж буй төрөл бүрийн сахилга баттай алхамууд нь Үгийг Зохиогчоос нь салгаж харахад хүргэдэг.

Саяхан нэгэн том сүмийн ахлагч эмэгтэйчүүдийн цуглааныхаа үеэр “эмэгтэйчүүд бид сэрэх цаг болж ээ, манай сүмийн эмэгтэйчүүд маргаашнаас эхэлж цагаа 20 минутаар урагшлуулцгаая…” гэсэн уриалга гаргаж байсныг сонслоо. Энэ бол бас л нэг библийн дагуу амьдрах гэсэн зүтгэлээр хүмүүжих гэсэн хүний хандлага байгаа юм. Сэргэг, эртэч байхад юу нь буруу байх вэ.

Бурхан биднийг библийн дагуух амьдралаар бус Христийн амьдралаар амьдрахад дуудсан юм. Христийн амьдралаар амьдрахын тулд та христчин амьдралаар бүү амьдар. Христийн дотор амьдрах хэрэгтэй. Гэтэл биближсэн ёс суртахууныг л өнөөгийн сүмд заагаад байдаг. Амьдралын бүхий л талбарт биближсэн сахилга бат, дүрэм журам… тэр ч бүү хэл сүй тавих, хуримлахдаа хүртэл цаасан дээрхийг дагаж, ам өчгөө тоть мэт давтахаар үргэлжилж байна. Бас л зүдэрсэн арга ажиллагаа.

Библи буруутгагдахгүй. Харин ч библи маш хүчирхэг. Хүчирхэг гэдэг нь үг бүр нь Есүстэйгээ хамт байхдаа л хүчирхэг юм. Тэр үг нь хүмүүний амьдралд амьдардаг бол л тэр үг үнэн бодит хүчирхэг, нөлөөтэй байдаг. Есүс Өөрөө үг байсан учраас үгээс нь Түүнийг салгах боломжгүй байсан гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Харин та библийн үгийг Есүсээс салгах гэж бүү оролдоорой. Кинон дээр гардаг шиг чөтгөрийн өөдөөс хэд дахин чангаар уншиж хэлснээр Сатан зайлан одохгүй. Цөлд Есүсийг хүртэл өнөөх “библи”-ийн үгээр л дайрч байсан шүү дээ. Мөн та элдэв сургалт, төслийн гол багаж, хичээлийн эх сурвалж болгож библийг ч бүү оролд. /үнэндээ ингэж мөнгө олж амь зууж байгаа олон удирдагчид байдаг/ Тиймээс библийг ашигладаг итгэгчдийн хувьд Сатаныг хөөн зайлуулна гэж байхгүй юм. Та Христийг хүлээн авсан байна уу үгүй юу гэдэг Сатаны хувьд үнэн сонин биш. Христээр амьдардаг уу гэдэг чинь л Сатаныг зайлуулж чадна. Учир нь Сатан ч гэсэн библийг мэднэ. Библийн үг нэг бүрийн хүч чадлыг ч танаас илүү Сатан мэднэ гээд хэлчихвэл та бараг уурлана. Та тэгвэл Христтэй хамт бай л даа. Байсан шиг бай. Та Бурхантай хамт алхахыг эрэлхийл, хай, ёстой үнэ цэнээ үүнд л өг.

Эхлээд Христтэй нэгд, дараа нь Тэр таныг библийн утгын дагуу хэрхэн амьдрахыг заагаад өгчихнө. Энэ нь тийм ч дарамт үүрч, зовлонд унагаах хэмжээний зүдгүүртэй зүйл биш билээ. Хонхны дуу биш Амийн үг таныг сэрээг.

Нийтлэлч Одко