Нийтлэл

ЧИМЭЭГҮЙ ЧИМЭЭГҮЙ ЦАГ


Христэд итгэсний дараа нэг зүйл бидний амьдралын салшгүй хэсэг болдог нь чимээгүй цаг юм. Энэ нь чимээгүй суугаад библиэ унших, бодох, эргэцүүлэх, хэрэгжүүлэлт гаргах цаг юм. Хавь ойрын юм хамж шимэн бодож, амьдралын алхаа юугаа цэгнэн бодож, хааяа өөр зүйл бодож, эргэн чимээгүй цагдаа орж, хэсэгхэн зуур залбирч, дараа нь амээн гэх цаг гэж хэлж болно. Би ч гэсэн энэ л чимээгүй цагийг сайн хийх гэж хичээдэг хүмүүсийн л адил байлаа. Библийг унших, утга агуулгыг нь ойлгох, түүхийн, архелогийн, ахуй амьдралын талаас гээд л өөрийнхөө чадах бүхий л "өнцгүүдээр" библийг уншиж, зохих тэмдэглэлүүдийг хийгээд л эцэст нь хэрэгжүүлэхэд туслаарай гээл өндөрлөдөгсөн. Гэтэл сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын христчидийн дунд библи эргүүлэлгүйгээр чимээгүй цагийг “Өдөр бүрийн талх” хэмээх бяцхан номоор хийдэг итгэгчид олширсон байна. Сүм нь ч гэсэн энэ л "ШИЛДЭГ" номоор сүнсээ өсгөж тордож байхыг хатуу сануулж лүндэн буулгасан юм шиг байгаа юм.

Нэгэн үе чимээгүй цагаа хийцгээх агуу аян сүмүүдээр өрнөж байлаа гэж. Амьд гэрч нь болсон миний хувьд өөрийн хариуцдаг залуусаа чимээгүй цаггүй бол та бараг л үхнэ гэх аястай юм ойлгуулж, өглөө бүр библи уншиж, ойлгосон зүйлсээ бичиж тэмдэглэж, зөвхөн уншигчид бус хэрэгжүүлэгчид байхыг “моод” болгож явлаа. Энэ нь тийм ч муу зүйл биш боловч Эзэн Бурханаас холдуулж чадах хамгийн шилдэг арга замуудын нэг болохыг нь мэдсэнээс хойш хамгийн адгийн үйлдэл байжээ гэж ухаарсан юм.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа нэгэн хүнтэй чимээгүй цагийн талаар ялимгүй яриа дэгдээлээ. Мань хүн ажил хийдэг болохоор тэр бүр өнөөх алдарт “чимээгүй цаг”-аас хийж амжихгүй байдаг гэнэ. Дотроос нь христчин хүний мөн чанар, өөрт тогтоосон журам эсвэл хэвшмэл христчин заншил нь хатгасан уу яасан хэдий ядарсан ч шөнө дүлээр библиэ дэлгээд уншиж, чадвал залбирдаг тухайгаа хуваалцлаа. Би дотроо үнэхээр өрөвдсөн. Хөөрхий тэр харь оронд ямар сайндаа ажиллаж байхав дээ. Гэтэл ядарч ядаж байхад нь өнөөх чимээгүй цаг хилийн чанадад ч гэсэн дарамталсан хэвээр. Энэ нь ёстой миний “синдром”-ыг хөдөлгөдөг юм байна. Би хариуд нь ёжтой нь аргагүй “та бидний итгэдэг Бурхан чинь та бидний гаргах хэдхэн минутыг хүлээгээд үгээ ч хэлж чадахгүй, ойлгуулах юмаа ч ойлгуулж амжихгүй, илчлэхийг хүссэнээ ч илчилж чадахгүй, өрөвдөлтэй Нэгэн биш шүү дээ” гээд хэлчлээ. Христчин бидний гаргадаг чимээгүй цагаар л Бурхан ярьдаг бусад цагаар нь ярьж чаддаггүй Бурхан биш гэдэг санаагаа л хэллээ л дээ. Мөн наад библиэ дэлгээд юу ч ойлгож ухаарч, зүрх сэтгэлд нь гал бадрахгүй юм бол уншаад ч хэрэггүй гээл аваад хаячлаа. Үнэндээ ингэж хэлсэн хүнийг чулуудаж алах байсан биз. Аз болж Бурханы авралаар тэнгэрээс хүхэрт гал бууж, газар амаа ангайж намайг залгисангүй. Мань хүн ч гайхсан нь мэдээж. Гэхдээ л түүний дотор эрх чөлөө, амар тайван, баяр хөөр ундраад ирдэг юм байна. Түүнийгээ ч надад хэсэг минутын дараа илэрхийлсэн юм.

Үнэндээ өнөөгийн христчингүүдийн ихэнх нь чимээгүй цагаар өөрийгөө дүгнэж, хэмжиж, хэн их библи уншсан, тэмдэглэл хөтөлсөн зэргээр сүнсний өсөлтөө тодорхойлох хандлага ч байдаг. Мөн зарим нь өөрсдийгөө буруутгана. Юу ч ойлгосонгүй, идэвхгүй байлаа, хэрэгжүүлж чадсангүй гэж тэд Бурханы өмнө буруутан мэтээр өөрийгөө зүхэж, чамлаж, наанаа наль наль инээж, цаанаа гэмшиж толгой гудайсан итгэгч сүмдээ явсаар. Олигтой дуугаа өргөөд, алгаа ташиж, гараа өргөх гэхээр нэг л дарамттай. Тэд маань үргэлж л Бурханд таалагдах гэж хичээдэг. Түүнийгээ гадна талдаа “Бурханы тааллыг эрэн хайж амьдарч байна” гэж тайлбарладаг ч үнэндээ зүдрэгсэд байдаг.

Цаг тутам Бурхантай бид харилцаж болно. Заавал библи хажуудаа "дүүжлэх ч" албагүй. Библийг би зүхээгүй харин библид ханддаг ёрын хандлагыг сөрж байна. Одоо бид үнэхээр чөлөөлөгдсөн шиг чөлөөлөгдмөөр юм. Энэ библийг өгсөн зорилгыг нь ч гэсэн ухаармаар байна. "Чимээгүй" чимээгүй цагийн төлөө библи бидний гарт ирээгүй. Тэр "ариун цаг"-ийн төлөө ч Бурхан үгээ хэлэх гэж доошлохгүй. Үг нь үг чигээрээ сүнсэнд ирж, Христийг таниулж, Бурханыг хайрлах, дагах, таних тэр л үүд хаалгыг нээхгүй юм бол чимээгүй цаг байхын хэрэг юунд оршиж байгаа юм бэ. Бурханы илчилж өгөх тэр л үнэнийг нээж бид үнэний дагуу өөрчлөгдөж, шинэчлэгдэж, суралцаж, гэмт чанараасаа ангижирч, хязгааруудаа сэтэлж, Есүсийн дүр төрхийн дагуу хэлбэржүүлэгдэхийн тулд л библи оршиж байгаа юм. Энэ бол чимээгүй цагаас чөлөөлөгдөх чөлөөлт юм.

Хэрэв бид Түүний үг дотор байвал Бурхантай төвөггүй харилцаж чадна. Библийн тасралтгүй залбир гэдэг үг залбирлын цуглаан хийлгэхийн тулд бус, шөнөжин гуагчихын ч нэр биш. Та залбирлыг бүү хий, харин өөрөө залбирагч бай, харилцагч бай, зуучлагч бай. Ингэхэд танаас ихээхэн өөрчлөлт шаардлагатай болдог ба тэр өөрчлөлтийг Есүс Өөрөө хийдэг гэдгийг ч бүү орхигдуулаарай. Библи уншилт тань таныг шашины зан үйлд уруу татаж, чимээгүй цаг тань таныг ямар нэгэн хуваарь бөглөдөг хүн болгон хувиргаж байвал тэр бүгдийг хая!

Үг чухал ч амьгүй бол хэнд ч хэрэггүй. Үг өөрөө амийн чанараа гээж буй бус та амиар бялхам үгийг олж сонсохгүй байгаад л учир байна. Та Бурхантай илүү ойр байхыг хүсдэг бол тун удахгүй та Түүний бодлыг мэддэг болно. Энэ нь ид шидтэй болох тухай биш, яг л эхнэр нөхөр хоёр хэсэг хугацааны дараа бие биенийхээ хүсэл, бодлыг мэддэг шиг болно гэж хэлж байгаа юм. Бурханыг таньж мэд, Түүний үгийг уншиж байхад Ариун Сүнс танд гэрэлтүүлэх болтугай. Амьгүй, амьдралгүй чимээгүй цаг ямар ч үр дүнгүй агаад хэнд ч хэрэггүй гэдгийг дахин хэлье. Гэхдээ амьдралтай болгож байна гэж библийг ширхэгчлэн дагах гэж дахин бүү наманчил. Тэр уншсан үг тантай наалдаг, таных болог, Есүсийнх биш таных болог гэж онцолъё. Тэр үг таных болсон цагт та өөрчлөлт гэж юу болохыг зөвхөн өөр дээрээ амсана. Тэрнээс наана та юуг ч мэдэхгүй.

Бурхан Өөрийнхөө үгийг танд тайлбарлаг, танд илчлэг, танд хэлэг. Гагцхүү та Түүнд за гэж хариул, өөрийгөө нээлттэй байлгахад л анхаарчих.

Эзэнээс гадуур явагддаг амьгүй чимээгүй цаг тань нас нөхчиг. Амээн гэж надтай хамт хэлээрэй.

Нийтлэлч Одко